Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоолыг баталжээ. Энэ талаарх мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан юм.
Тэрбээр “Сайнгийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад энэхүү тогтоол гарсантай холбогдуулан тэтгэврийг шуурхай зохион байгуулж олгох үүрэг даалгавар өгсөн.
Нэмэгдлүүдийн хувьд инфляцын түвшинтэй уялдуулж 15 хувиар нэмэгдүүлж байна. Үндэсний статистикийн хороо 2021 оны хэрэглээний үнийн индекс нь 13.4 хувьтай байна гэсэн тоон мэдээллийг танилцуулсан. 2021 оны 12 дугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Эдгээрийн 60 орчим хувь нь буюу 271 мянган иргэн доод хэмжээгээр тэтгэврээ авч байна.
Бидний хувьд УИХ-аар төсвийн тодотголоо өчигдөр батлуулсан. Нийт нэмэгдэлд 637 орчим тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай болж байгаа юм. Ингэснээр
- 197.1 мянган иргэний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр
- 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
- 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж 548.4 мянган төгрөгт хүрч байна.
Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчид нийгмийн даатгалын сангаас авч буй тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 15 хувиар нэмэгдэнэ” гэв.