ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна

-МОНГОЛ БАНК ИНТЕРВЕНЦИ ХИЙХГҮЙ БАЙНА ГЭВ-

Өнгөрсөн хавар 2650 төгрөгийн ханштай байсан доллар өнөөдөр 2668 төгрөгөөр борлуулагдаж байна. Бага, багаар тасралтгүй өсч буй долларын ханш энэ оны сүүл гэхэд огцом нэмэгдэж монголчууд “ноён ногоон”-ын ханшийг барьж дийлэхгүй байх нөхцөл байдалд унаж мэдэхээр байна гэх мэдээлэл бий. Уг мэдээллийн дагуу бид валют худалдааны "Найман шарга" захыг зорилоо.

Өнөөдөр тус захад монголчуудын голлон ашигладаг ам.долларыг 2668 төгрөгөөр зарж, 2670 төгрөгөөр авч байна. Энэ нь сүүлийн нэг сард хөдлөөгүй тогтвортой ханш гэж ченжүүд хэлж байна.

Харин БНХАУ-ын юанийн ханш найман сард өсөөд саяхнаас бага зэрэг буурч байгаа аж. Тодруулбал,  сургууль, цэцэрлэг орох дөхөж тодорхой хэмжээний эрэлт үүсэхэд юанийн ханш жил бүрийн найман сард өсдөг байна. Энэ жил л гэхэд 380 төгрөг давж хүрч ханш нь өсчээ. Харин өчигдөр "Найман шарга"-д юанийг 377 төгрөгөөр авч, 377.80 төгрөгөөр зарж байна.

Харин ам.долларын ханш тогтвортой байгаа шалтгааныг худалдан авалт багатай байгаатай холбон  ченжүүд тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд ам.доллар худалдан авах нь багассан аж. Тиймээс валютын зах зээл дээр ам.доллар харьцангуй олдоц сайтай байгаа аж.

Түүнээс биш Монгол банк сүүлийн саруудад дорвитой интервенци хийгээгүй байна. Бараг л интервенци хийгээгүй гэж хэлж болно хэмээн ченжүүд ярьж байлаа. Хэрвээ долларын эрэлт их байвал Монголбанкны одоо хийж буй интервенци хүрэлцэхгүй үнэ өсөх магадлалтай байгаа аж. 

Биднийг "Найман шарга"-д очиход хүн хөдөлгөөн багатай эл, хул байсан нь уг мэдээллийг бататгаж байв. Долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт зах зээлд арилжаа хийгддэг. Тиймээс энэ өдрүүдэд ам.долларын ханшийн үнийг тогтоодог аж.

ЧЕНЖҮҮД: ДОЛЛОРЫН ХАНШААР УЛС ТӨРЧИД "ТОГЛОЖ" АШИГ ОЛДОГ

Зарим ченжүүд долларын ханш 100 хувь улс төрөөс хамаардаг. Улс төрчид болон томоохон бизнесмэнүүд мөнгөө их хэмжээний доллар болгон хадгалж хомсдол бий болгодог. Ингээд долларын үнэ нэмэгддэг. Тэд хэзээ ч ард түмнийг боддоггүй. Ханшаар тэд ингэж л тоглодог. Харин үнэ өсөнгүүт тэд хадгалсан доллароо буцаагаад өндөр үнээр борлуулж ханшийн зөрүүнээс их хэмжээний ашиг олдог. Тэр үед нь Монгол банк зах зээлд доллар нийлүүлээд ч ханшийг сайн барьж чаддаггүй гэсэн юм. 

Харин Монгол банкны вэб сайтад сүүлийн саруудад интервенци хийсэн тухай мэдээлэл алга байна. Зарим улс төрчид валютын ханш оны сүүлээр өснө. Одоо ч бага, багаар өссөөр байна. Энэ нь У.Хүрэлсүхйин Засгийн газрын айж буй томоохон шалтгаануудын нэг.

Учир нь Олон улсын валютын сан болон түүнийг дагалдах гадны томоохон байгууллагуудаас орж ирэх хөрөнгө оруулалт зогссон учраас долларын хомсдол үүсч  үнэ өсөх хандлагатай байна гэж сануулж байна.

Тэр үе нь 2020 оны сонгуультай давхцаж таараад буй учир тэд одоо сонгуулийг явуулахаар яарч байна хэмээн хардаж байгаа юм. Монгол банкнаас өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын гадаад валютын нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдэгдсэн билээ. Энэ нь аливаа эрсдлээс хамгаалж  чадах үзүүлэлт юм.