Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2022.01.26/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, “зорилтод бүлгийн иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон” гэх албаны мэдээ гарсан.
Учир нь Үндсэн хуулийн 33.3-д, “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг.
Харин маргааш /2022.01.28/ УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, “тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцэх УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гарсан.
Тэгвэл маргааш /2022.01.28/ өглөө 08:30 цагт Засгийн газрын ээлжит бус хурал зарлагдсан байна. Тус хурлаар “тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал”-ыг хэлэлцэх ажээ. Харин дээрх хурлын дараа 10:00 цагт УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болохоор болсон байна. Ингээд 14:00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, “тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэж батлах”-аар тогтжээ.