Лам нар 21.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн  байгууллагуудад хандивлалаа

Лам нар 21.5 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн  байгууллагуудад хандивлалаа

Монгол лам нарын чуулган фэйсбүүк группээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “АСРАЛЫН АЯН 3” хүмүүнлэгийн аяныг өчигдөр/2021.12.29/ зохион байгуулжээ.   

Тус аянд нийслэл хот, орон нутаг, гадаад улс оронд шавилан суугаа олон лам, хувраг өөрсдийн боломж бололцоогоороо хандив өргөж оролцдог бөгөөд үндэсний тусгаар тогтнолын баяраар уламжлал болгон зохиодог байна. 

Энэ удаагийн АСРАЛЫН АЯН 3 аяны хүрээнд эрүүл мэндийн  байгууллагуудад нэн чухал яаралтай байгаа 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотын дүүргүүдийн 11 эмнэлэг буюу ЭХЭМҮТ, БГД-ийн Хүүхдийн эмнэлэг, СХД-ийн Хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, Улсын 3-р төв эмнэлэг, Улсын 1-р төв эмнэлэг, ЧД-ийн эмнэлэг,  Өргөө амаржих, Амгалан амаржих, Хүрээ амаржих, Багануур дүүргийн эмнэлэгүүдэд хандивлалаа.

Сонирхуулахад, АСРАЛЫН АЯН 1 аяны хүрээнд 2019 онд коронавирус Монголд тархаж эхлэх үед 20 сая төгрөгийн хандиваар тухайн үед хомс байсан бээлий, амны хаалт зэрэг зүйлсийг УОК-т хандивлаж байв.

Мөн АСРАЛЫН АЯН 2 аяны хүрээнд 2020 онд Улаанбаатар хотын дүүргүүдэд хөл хорионд байж хоол хүнсний дутагдалд орсон 300 гаад айл өрхүүдээр хүнсний зүйлс тарааж  УОК-т бэлэн мөнгө, маск бээлий зэрэг эд зүйлсийг хандивласан байна.