Хууль шүүхийнхэнтэй хэрэг наймаалцдаг гэх хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг нэг хэсэг олны анхааралд байсан ч сүүлийн саруудад нам жим болсон.
Тэгвэл эл хэрэг ямар шатандаа яваа талаар Улсын ерөнхий прокурорын эх сурвалжаас тодруулахад "Өмгөөлөгч Б.Баасанцогтод холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Б.Баасанцогтод Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэлээ.
Тэгвэл өмгөөлөгч Б.Баасанцогтод үүсгэсэн эрүүгийн хэрэг биеэ үнэлэхийг зохион байгуулах, Хахууль өгөх гэсэн зүйл анги аж.
Тодотговол,
12.6 дугаар зүйл. Биеэ үнэлэхийг зохион байгуулах:
2. Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл. Хахууль өгөх:
1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэргийг сануулахад, Энэ оны нэгдүгээр сард өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар Энконто байрны .... тоотод шөнө дөлөөр уулзаж, архидан согтуурсан бөгөөд улмаар лифтэнд ёсзүй бус авир гаргаж байгаа бичлэг цацагдсан байдаг.