Өнгөрөгч долоо хоногийн Даваа гараг /2021.12.20/-т М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэгийг АН-ын даргаар бүртгэх хурал Улсын дээд шүүх /УДШ/ дээр болох байсан ч ганц О.Цогтгэрэлийн асуудлыг хэлэлцээд “түүнийг бүртгэхээс татгалзсан” шийдвэр гарсан. Харин яагаад М.Тулгатын асуудлыг хэлэлцээгүйг олон хүн гайхаж байв. Гэтэл С.Эрдэнэ АН-ын даргаар М.Тулгатыг бүртгүүлэх материалыг татаж авсан нь ил болсон.
Энэ талаар С.Эрдэнэ тайлбар хийхдээ, “М.Тулгат хууль ёсны АН-ыг төлөөлж “О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгэвэл гомдолгүй” гэж хэлэх эрх байхгүй. Удирдлагын багийн яриагүй асуудлыг дур мэдэн шийдсэн. Энэ асуудалтай холбоотойгоор Үндсэн дүрмийн хороо хуралдана. Үндсэн дүрэм зөрчсөн гэж үзвэл хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн.
Учир нь, “Хуульд нийцэж байгаа нэгийг маань АН-ын даргаар бүртгэж өгнө үү” гэх утгатай хүсэлтийг М.Тулгат, О.Цогтгэрэл нар энэ сарын 17-ны өдөр явуулсан гэдэг. Харин С.Эрдэнэ энэ сарын 10-ны өдөр буюу тэдний хүсэлтээс даруй 7 хоногийн өмнө М.Тулгатын материалыг татах бичгийг УДШ рүү явуулсан байгаа юм. Үүнээс үзвэл, С.Эрдэнэ худал шалтаг тоочиж байж магадгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
УДШ-д хандсан цаг, хугацааны дараалалд;
- 2021 оны 12 дугаар сарын 6-нд Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цэсэд С.Эрдэнийн нэрийг сэргээн бүртгэх тухай С.Эрдэнийн хүсэлт
- 2021 оны 12 дугаар сарын 10-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан авах тухай С.Эрдэнийн хүсэлт
- 2021 оны 12 дугаар сарын 17-нд Улсын дээд шүүх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, талуудын аль нэгийг бүртгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн агуулга бүхий О.Цогтгэрэл, М.Тулгат нарын албан бичиг
Энэ талаар өчигдөр /2021.12.27/ М.Тулгат мэдээлэл хийж, “С.Эрдэнэ материал татаж авсан байсан. Гэтэл үүнийг бид мэдээгүй байсан. Энэ нь үнэхээр сонин хачирхалтай үйлдэл боллоо” гэж мэдэгдсэн. Тэгвэл С.Эрдэнэ, “АН-ын дараагийн даргыг тодруулах намын сунгаа зарлана” гэж ярьсан байна. Энэ бүхнээс үзвэл, “С.Эрдэнэ АН-ын тамга тэмдгийг хэнд ч шилжүүлэн өгөх хүсэлгүй, цаашлаад өөрт холбогдох АТГ-тшалгагдаж буй асуудлаараа зарим нөлөө бүхий хүмүүстэй тохиролцсон байж магадгүй” гэж тус намын гишүүд хардаж байгаа ажээ.