Өнгөрөгч долоо хоногийн Даваа гараг /2021.12.20/-т М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэгийг АН-ын даргаар бүртгэх хурал Улсын дээд шүүх /УДШ/ дээр болох байсан ч ганц О.Цогтгэрэлийн асуудлыг хэлэлцээд “түүнийг бүртгэхээс татгалзсан” шийдвэр гарсан.Харин яагаад М.Тулгатын асуудлыг хэлэлцээгүйг олон хүн гайхаж байв.
Гэтэл С.Эрдэнэ АН-ын даргаар М.Тулгатыг бүртгүүлэх материалыг татаж авсан нь ил болсон. Энэ талаар өнөөдөр /2021.12.27/ М.Тулгат мэдээлэл хийж, “С.Эрдэнэ материал татаж авсан байсан. Гэтэл үүнийг бид мэдээгүй байсан. Энэ нь үнэхээр сонин хачирхалтай үйлдэл боллоо” гэж мэдэгдлээ.
Мөн АН-ын зарим гишүүд С.Эрдэнэ дээр очиж, түүн рүү өндөг шидэх, гурил цацах үйл явдлыг зохион байгуулахаар болсон талаараа дуулгалаа. Учир нь тэрээр дараалсан олон сонгуульд АН-ыг ялагдуулсан, цаашлаад дүрмийн хүрээнд АН-ын даргаас огцорсон ч тус намын тамгыг гишүүдэд нь шилжүүлж өгөхгүй “Би АН-ын дарга” хэмээн мэдэгдэх болсонтой холбоотой ажээ.
Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.