Хуульч Э.Ёндон: Прокурор Н.Түвшинбаярт холбогдох хэргийн татсан тогтоолоо өөрчлөх хэрэгтэй

Хуульч Э.Ёндон: Прокурор Н.Түвшинбаярт холбогдох хэргийн татсан тогтоолоо өөрчлөх хэрэгтэй

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин агсан Э.Энхбатын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болж, тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа билээ.

Тэгвэл тус хэргийн талаар хуульчид байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Тухайлбал, хуульч Э.Ёндон Н.Түвшинбаярын гэмт үйлдэл хуулийн хэрэглээний хувьд сонирхолтой жишээ болохыг онцолжээ.

Тэрбээр "Н.Түвшинбаяр аваргын гэмт үйлдэл Хууль хэрэглээний хувьд их л сонирхолтой жишээ болох нь: Түүний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1-2.5-д заасан “Хүнд гэмтлийн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үү, эсхүл Эрүүгийн хуулийн 10.1-т заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үү, 11.1-2.5 гэж үзвэл 5-12 жилийн хорих ялтай.

10.1 гэж үзвэл 8-15 жил, хүндрүүлбэл 12-20 жил эсхүл бүх насаар нь хорих ялтай.

Хэрэв энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт “амь аврагдах боломжгүй хүнд гэмтлүүд” гэсэн агуулгаар гарсан бол дээрх үйлдэл нь хүнийг алах гэмт хэрэг, шинжээчийн дүгнэлт “тухайн хүний биеийн онцлог, эмчилгээ үйлчилгээний чанараас шалтгаалан амь аврагдах боломжтой” гэдэг агуулгаар гарсан бол дүгнэлт өөрөө эргэлзээ дагуулахаар байна. Хувийн бодол: Анагаахын шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсад олон сар эмчлүүлээд амь аврагдаж чадаагүй учраас энэ бол анхнаасаа үхэлд хүргэх амь аврагдах боломжгүй гэмтлүүд учруулсан гэж үзэж, прокурор татсан тогтоолоо өөрчилж 10.1-р ял сонсгох хэрэгтэй" хэмээсэн байна.