Энэ долоо хоногийн Даваа гараг /2021.12.20/-т М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэгийг АН-ын даргаар бүртгэх хурал Улсын дээд шүүх /УДШ/ дээр болох байсан ч ганц О.Цогтгэрэлийн асуудлыг хэлэлцээд “бүртгэхээс татгалзсан” шийдвэр гарсан. Харин яагаад М.Тулгатын асуудлыг хэлэлцээгүйг олон хүн гайхаж байв. Гэтэл УДШ-ээс түүний материалыг С.Эрдэнэ татаж авсан нь ил болсон нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байв.
-М.ТУЛГАТЫГ АН-ЫН ДАРГААР БҮРТГҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ С.ЭРДЭНЭ ӨӨРӨӨ ТАТЖЭЭ-
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр С.Эрдэнийн УДШ рүү илгээсэн албан хүсэлтэд, “М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтийг холбогдох материалын хамт хүргүүлсэн боловч Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын хасвралт /№2A/-д заасан зарим материалууд дутуу байх тул хүсэлтийг холбогдох материалын хамт буцаан ирүүлнэ үү” гэсэн байдаг.
Харин С.Эрдэнэ энэ тухайгаа тайлбарлахдаа, “М.Тулгат хууль ёсны АН-ыг төлөөлж “О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгэвэл гомдолгүй” гэж хэлэх эрх байхгүй. Удирдлагын багийн яриагүй асуудлыг дур мэдэн шийдсэн. Энэ асуудалтай холбоотойгоор Үндсэн дүрмийн хороо хуралдана. Үндсэн дүрэм зөрчсөн гэж үзвэл хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн.
Учир нь, “Хуульд нийцэж байгаа нэгийг маань АН-ын даргаар бүртгэж өгнө үү” гэх утгатай хүсэлтийг М.Тулгат, О.Цогтгэрэл нар энэ сарын 17-ны өдөр явуулсан гэдэг. Харин С.Эрдэнэ энэ сарын 10-ны өдөр буюу тэдний хүсэлтээс даруй 7 хоногийн өмнө М.Тулгатын материалыг татах бичгийг явуулсан байгаа юм. Үүнээс үзвэл, С.Эрдэнэ худал шалтаг тоочиж байж магадгүй байгаа эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
- АН-ЫН ДАРГААР С.ЭРДЭНИЙГ СЭРГЭЭН БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ С.ЭРДЭНЭ ӨӨРӨӨ ГАРГАЖЭЭ -
Ингээд албан эх сурвалжууд 2021 оны арваннэгдүгээр сарын 10-наас хойш 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл АН-ын бүртгэлтэй холбоотой нийт 14 албан бичиг, хүсэлт ирснийг ил болгосон юм.
Үүнд:
- 2021 оны 11 дүгээр сарын 15-нд О.Цогтгэрэл нарын зохион байгуулсан Ардчилсан намын Онц их хурал нэртэй хууль бус үйл ажиллагааг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлснийг эсэргүүцэж байна гэсэн агуулга бүхий С.Эрдэнийн албан бичиг
- 2021 оны 11 дүгээр сарын 29-нд Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд Ардчилсан намын дарга гэх цэсний ар талд С.Эрдэнэ гэсэн нэрийг сэргээн бүртгэх тухай Д.Эрдэнэсувдын хүсэлт
- 2021 оны 12 дугаар сарын 6-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
- 2021 оны 12 дугаар сарын 6-нд Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цэсэд С.Эрдэнийн нэрийг сэргээн бүртгэх тухай С.Эрдэнийн хүсэлт
- 2021 оны 12 дугаар сарын 10-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан авах тухай С.Эрдэнийн хүсэлт
- 2021 оны 12 дугаар сарын 16-ндО.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр хүргүүлсэн өргөдөл болон Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээдүүд /О.Цогтгэрэл, М.Тулгат/-ийн гарын үсэг зурж, хүчингүй тамга дарагдсан Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой холбогдох хууль журмыг зөрчин хүргүүлсэн баримтуудыг буцаан ирүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
- 2021 оны 12 дугаар сарын 17-ны 17 цаг 26 минутадУлсын дээд шүүх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, талуудын аль нэгийг бүртгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн агуулга бүхий О.Цогтгэрэл, М.Тулгат нарын албан бичиг
-“АН-ЫГ ИТГЭМЖЛЭЛГҮЙГЭЭР ТӨЛӨӨЛӨХ ЭТГЭЭДИЙН НЭР БАЙХГҮЙ БОЛНО” ГЭЖЭЭ-
Харин иргэн Н.Ариунболд Улсын дээд шүүх рүү, “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх удирдлагынэцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн талаарх мэдээллийг өгнө үү” гэсэн гомдол гаргажээ. Иймд түүний гомдлын хариуд УДШ-ээс “Одоогоор Улсын дээд шүүхийн мэдээллийн цахим санд Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэр байхгүй болно” гэж мэдэгдсэн байна.