С.Одонтуяа: Дөрвөн жилийн хоёр жилд нь бүх эрх мэдлийг Засгийн газарт өгчихлөө. Их хурал тарчихвал яасан юм бэ

С.Одонтуяа: Дөрвөн жилийн хоёр жилд нь бүх эрх мэдлийг Засгийн газарт өгчихлөө. Их хурал тарчихвал яасан юм бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ковидын хуулийн сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газраас уг хуулийг сунгах шаардлагатай гэж буй  юм. Харин УИХ-ын гишүүдийн зарим нь тус хуулийг сунгах шаардлагагүй гэсэн байр, суурьтай байгаа. 

Хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Ингэж дураараа аашилж болохгүй. МАН-ын бүлэгт хангалттай эрх мэдэл бий. Гэтэл яагаад УИХ-ын онцгой эрхэд халдаад байгаа юм. Дөрвөн жилийн хоёр жилд нь бүх эрх мэдлийг Засгийн газарт өгчихлөө. Ингэж байхаар Их хурал тарчихвал яасан юм бэ. Бидэнд хийх юм байгаа юм уу. Ковидын хуулиараа явах гэж байгаа бол 2022 оны төсөвтөө өөрчлөлт оруул, сайд нараа бүгдийг нь УОК болго. Тэгээд УОК нь мөнгөө зарцуулаг ээ.  Ард түмний амьдрал хүнд болж байна. Юмны үнэ нэмэгдэж байна. Ганц хөрш улсаас болоод гааль дээр бараа чинь гацаагүй шүү. Мэргэжлийн хяналт, гаалиас чинь болж бараа гацаж байгаа. Иргэд хээл, хахуулийг нь дийлэхгүй байна гээд уйлж байна шүү. Одоо энгийн болсон байтал яагаад УИХ-ын онцгой эрхэд халдаад байна вэ. Бид МАН-ынхны сонгуулийн бялууг хуваалгах гэж ковидын хуулийг батлаагүй. Үүнийгээ хасах хэрэгтэй. Хичнээн сунгах гэсэн юм бэ. Сунгаад сунгаад нас баралт буурахгүй байна" гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Ковидын үе стандарт бус үе. Биднээс маш их хурдтай ажиллахыг шаардаж байгаа. Цаг нартай уралдаж шийдвэр гаргах олон үе тохиолдож байгаа. Ковидын хууль дээр байгаа төсөвтэй холбоотой асуудал дээр бид маш сахилга баттай явж байгаа. 7.1.2 гэдэг заалтыг өдөр бүхэн хэрэглээд бужигнуулаад байдаг гэдэг ойлголт байдаг юм шиг байна. Энэ хууль анх 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд батлагдсан. Үүнээс хойш 7.1.2 гэдэг заалт ганцхан удаа хэрэглэгдсэн. 2020 оны тавдугаар сард хүүхдийн мөнгө 20 мянга байж байгаад 100 мянга болгоход нийт 570 тэрбум төгрөгийг бүх сайдын багцаас цуглуулж аваад ХНХ-ын сайдын багц дээр тавьсан. Гэсэн хэдий ч наймдугаар сард шинэ парламент бүрдээд төсвийн тодотгол хийхэд Их хурал баталгаажуулж баталсан. Үүнээс хойш 7.1.2 гэдэг заалтыг нэг ч төгрөг дээр хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, маш сайн сахилга баттай явсан гэсэн үг. Энэ оны хагас жилээр хэрэглэх тохиолдол гарсан. Гэхдээ бид төсвийн тодотголоо Их хуралд өргөн бариад батлуулсан. Аль болох энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй. Баталсан төсвийнхөө хүрээнд ажиллахын төлөө байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад, хуралдаанд оролцсон 41 гишүүний 30 нь буюу 73.2 хувь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Ингээд өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.