Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг ПРОКУРОР шийднэ

Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорих эсэхийг ПРОКУРОР шийднэ

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа. Харин өчигдөр /2021.12.23/ Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн шүүхэд болж, тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.

Мөн Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр болсон. Тэгвэл тус хэрэг прокурорт шилжихээр Н.Түвшинбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх эсэхийг прокурор шийдэх юм байна.  

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шийдвэрийн талаар сануулахад,  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн юм.