УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.12.24/ хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцон Оюутолгойн ордоос Монгол улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Тодруулбал, уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхлэхэд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Оюутолгойн ордоос Монгол улсын хүртэх ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьсан. Засгийн газар, хөрөнгө оруулагч тал өнгөрсөн жилийн хугацаанд яриа хэлэлцээр хийлээ. Үр дүн сайн гарч байгаа. Гэхдээ хэлэлцээр одоо ч үргэлжилж байна. Оюутолгойн түр хороо уржигдар хуралдсан. Ингээд УИХ-ын уг тогтоолын төслийг хаалттайгаар хэлэлцсан. Яриа хэлэлцээр цаашид тодорхой хугацаанд үргэлжилнэ. Өнөөдрийг хүртэлх үр дүнгээ баталгаажуулах хэлэлэцээр эд хийгдэж байна. Энэ үүднээс УИХ-аар хэлэлцэж буй асуудлыг хаалттай горимын хүрээнд хэлэлцэх саналыг гаргаж байна" гэлээ.
Түүний гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 81.4 хувь нь дэмжсэн учраас УИХ-ын чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.