Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо эхлэх гэж байна. Хуралдааны өмнө шүүгдэгч Э.Одбаяраас доорх тодруулгыг авлаа.
-Танд холбогдох шүүх хурал өнөөдөр товлогдсон юм байна. Уг шүүх хурлаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?
-Хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэх үндэслэлээр "No Double" хөдөлгөөний 10 орчим хүнийг гэрч, сэжигтэн, яллагдагчаар татаж зохиомол хэрэг үүсгэсэн. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд биднийг гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлыг хэлэлцэх шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон байна. Мөн 461 дүгээр хаалттай хорих ангиас иргэн Д.Монголхүүг иргэн Э.Одбаяр нарын хүмүүс өргөөд гарч явсан гэх гүтгэлгийг явуулсан. Үнэхээр өргөөд гарч явсан эсэхийг нотлох баримтад тулгуурлан шүүх хурлын тов зарлах нь уу эсвэл хэрэгсэхгүй болгох нь уу, мөрдөн байцаалтад буцаах юм уу гэдэг нь тодорхой болно. Бидний зүгээс гэм буруутай эсэхээ шүүх хурлаар эцэслэн тодорхой болгуулах зорилготой байна. Түүнээс буцаалгаж бариад зунгааралдаад байх шаардлагагүй гэж бодож байна.
-Цагдаагийн байгууллагаас таныг Зөрчлийн хуулиар торгох ялаар шийтгэсэн. Тэгвэл уг торгосон үйлдэл нь үндэслэлтэй эсэхийг тогтоох шүүх хурал өчигдөр боллоо. Шүүх хуралдааны дүгнэлтийг танилцуулбал?
-Хэнтий аймагт пэнгвүйн байшин шиг бөмбөгөр байшин баригдсан. Үүнийг хөөсөнцөр балгас гэж хэлсэн гэх үндэслэлээр торгосон. Мөн Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн гэх үндэслэлээр торгосон. Уг торгосон үйлдлийг үндэслэлтэй эсэхийг шүүх хурал өчигдөр боллоо.
Өчигдрийн шүүх хурлаас харахад иргэдийн цахим хуудсыг цагдаагийн байгууллагаас хянаад сууж байдаг нь тодорхой болсон. Ингээд тухайн Зөрчлийн хоёр хэрэгт шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүчингүй болгосон.
Сая Комиди Амарааг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийсэн гэж 500 нэгжээр торгосон. Яг ийм агуулгаар иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарт дахин өчигдөр шинээр Зөрчлийн хэрэг үүсгэлээ. Үргэлжлүүлээд л. Сүүлийн жилүүдийн үргэлжилсэн жагсаалуудад бид хоёрыг буруутгаж байгаа юм. 500 нэгж хүртэл торгуультай, 7-30 хоногийн баривчилгаатай Зөрчлийн хуулийн заалтаар бид хоёрт хэрэг үүсгэсэн. Өчигдөр би хариуцсан цагдаатай холбогдоод "Маргааш 15.30 цагт шүүх хуралтай" гээд тайлбарлаад байхад "Ирж материалтайгаа танилц" гээд дарамтлаад байдаг. Өнөөдөр 15.00 цаг болж байхад "Ирж танилц" гээд дарамтлаад байна. Бид эрх зүйн туслалцаа авъя, хэргийн материалтайгаа танилцаж өмгөөлөгч авах хэрэгтэй байна гэхээр "Бичгээр гарга" гэдэг. Амаар гаргаж болно гээд амаар гаргахаар 10 минутын дараа "Хэргийн материалыг чинь хуулбарлах буюу танилцах боломжоор хангахгүй. Татгалзаж байна" гэдэг. Энэ бүх эрүүдэн шүүлтийн хэлбэр агуулга, дарангуйлал байна. Ажиллаж амьдрах цаг хугацаа орон зайд халдаж байна. Нэг хэрэг нь хаагдахаар шинээр өөр хэрэг үүсгэдэг. Цэвэр залхаан цээрлүүлэлт. Ажил амьдралын асуудал нь энд яригдах гэж байхад тэнд дарамтлаад байдаг байж болохгүй.
-Одоо "No double standart" хөдөлгөөнийхөн ямар үйл ажиллагаа явуулж байна?
-Хүний эрх, эрх чөлөө, ардчиллын талаар цуврал хэлэлцүүлэг хийж байна. Уг хэлэлцүүлэгт УИХ дээр нээлттэй сонсгол хийх санаачлагыг гаргасан. 37 гишүүн дэмжиж хэлэлцүүлэг явахаар болсон. Хэлэлцүүлгийг нээлттэй юм шиг мөртлөө хаалттай сонсгол хийхээр болчихсон. Үүн дээр хэвлэлийн хурал зарлаад илүү их оролцогч хамруулах нөхцлөөр хангуулах шаардлагыг тавьсан.