Ардчилсан нам нээлттэй микрофон ажиллуулж, тайван цуглаан хийж эхэллээ

Ардчилсан нам нээлттэй микрофон ажиллуулж, тайван цуглаан хийж эхэллээ

Ардчилсан намын гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг шүүхээс гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Тэгвэл намын гишүүд, дэмжигчид нь шүүхийн шийдврийг эсэргүүцэж, өнөөдрөөс нээлттэй микрофон ажиллуулж, тайван цуглаан хийж эхэллээ.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ "МАН 100 дахь жил дээрээ анх удаа хүний эрхийн төлөө тэмцэх талаар мэдэгдлээ. Өөрсдөө эрх барьж байгаа атал хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, Үндсэн хуулийн эсрэг үзэл баримтлалтай ажиллаж байгаа нам ийм мэдэгдэл хийх нь утгагүй.

Өнөөдөр бид зөвхөн Э.Бат-Үүл гэдэг хүний эрх ашгийн төлөө биш монгол хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж, нэгдэж байна. Хэрэв улс төрийн энэ мэт хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй, 100 хувь төрийн дарамтаар асуудлыг шийдвэрлэхээр шийдсэн бол бид цаашид хатуу тэмцэнэ.

Монгол Улсын ардчилсан тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө бол хэзээд мартаж болохгүй чухал сэдэв. Иргэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Нэгдэж байна. Долоо хоног үргэлжлэх тайван жагсаалд нийт долоон асуудлыг онцлохоор төлөвлөсөн. Тухайлбал, өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн эрх бүхий хүмүүс иргэдийн эрхийг хэрхэн боомилсон асуудлыг гаргаж байна. Энэ нээлттэй микрофон дээр хүссэн хүн бүхэн ирж үгээ хэлж, санал, сэтгэгдлээ илэрхийлэх боломжтой. Үзэл бодлоо илэрхийлсэн хүнийг хорьж, цагддаг дарангуйлагч төртэй байхыг бид хүсэхгүй байна" хэмээлээ. 

Харин иргэд "Э.Бат-Үүл бол эрх чөлөөний үзэл санааны жинхэнэ тэмцэгч. Монголын ард түмэн та бүхнийг эрхээ эдлэх боломжийг олгосон хүн. Эрх чөлөөтэй амьдрах боломж, та бүхний эдэлж байгаа бүхнийг олгосон хүн бол Э.Бат-Үүл. Өнөөдөр бид эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон хүмүүсээ шоронд хийж байгаа нь дарангуйллын нэг хэлбэр. МАН 100 жил өнгөрсөн ч үргэлжлүүлэн хэлмэгдүүлэлт хийсээр байна. Энэ бол Монголын ардчиллыг гутаах гэсэн, доромжилсон үйлдэл" гэдгийг онцоллоо.