Ковидын хуулийг ашиглаж, “ямар нэг шалгалт авахгүй”-гээр нийт 1036 хүнийг төрийн албан тушаалд томилоод байгаа статистик гарчээ. Тодруулбал, “Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн 3.2-д, "… албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан.
Иймд хуулийн энэхүү заалтыг ашиглаж төрийн зарим удирдах албан тушаалтнуудыг ямар ч сонгон шалгаруулалтгүй томилох болсон нь анхаарал татаж буй. Эл хуулиар томилогдсон хүмүүсээс өнөөдрийн байдлаар 500 гаруй нь хуулийн дагуу шалгалт өгч жинхлээд байгаа аж. Харин Засгийн газрын түвшинд Ковидын хуулиар Төрийн нарийн бичгийн дарга 3, агентлагийн дарга 17, яам агентлагийн 71 хэлтэс, газрын дарга зэрэг 90 гаруй хүн түр томилогдоод байгаа аж.
-КОВИДЫН ХУУЛИАР ХЭН, ХЭНИЙГ ХААНА ТОМИЛОВ-
Иймд Ковидын хуулийн 3.2-д заасныг ашиглаж хэнийг ямар албан тушаалд томилоод байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Ц.Эрдэмбилэг, Боловсрол шинжлэх ухааны яамны ТНБД Л.Цэдэвсүрэн, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нарыг Ковидын хуулийг ашиглаж ямар нэг шалгаруулалтгүй томилжээ. Гэвч тэд өнөөг хүртэл Төрийн албаны болон тусгай шалгалт өгөөгүй байгаа аж. Харин УИХ дахь МАН-аас “Ковидын хуулийн зургаан сараар сунгахыг дэмжсэн ч эл хуулиар томилогдсон албан тушаалтнуудыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлж, жинхлэх учиртай” гэдгийг онцлоод буй.
Өөрөөр хэлбэл, Ковидын хуулийн нэрийн дор “арын хаалгаар” төрийн албанд томилогдсон хүмүүс Төрийн албаны шалгалт өгч, ажил мэргэжлийн онцлогт таарсан зэрэг Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдох учиртай болоод буй юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн 17 даргыг эл хуулиар томилжээ.
Тухайлбал:
- Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Дашдэмбэрэл
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Э.Тамир
- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ
- Соёл урлагийн агентлагийн дарга Ц.Нацагдолгор
- Иргэний нисэхийн ерөнхий газар С.Мөнхнасан
- Усны газрын дарга Ш.Мягмар
- Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж
- Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун
- Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нарын хүмүүсийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр эл албан тушаалд томилсон байгаа юм.
-Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ТУСЛАХ Э.ТАМИРЫГ АГЕНТЛАГИЙН ДАРГААР ТОМИЛЖЭЭ-
Олон нийт Ковидын хуулиар томилогдсон эрхмүүд нь намын эсвэл хэн нэгний танил талаар төрийн албанд томилогдож байна хэмээн хардах болсон. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар даргаар томилогдсон Э.Тамир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн туслахаар ажиллаж байсан нэгэн учир эл албанд очсон гэх.
Э.Тамир нь МУИС-ийг 2011 онд төгссөн. Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. "Фрэндс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүний шадар туслах, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт, МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан, ЗГХЭГ-ын даргын зөвлөх, "Эрдэнэт үйлдвэр" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байна. Нэг үгээр хэлбэл тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын албан тушаалд томилогдох болзол, шаардлагыг хангаагүй ч Ковидын хуулиар тус албанд очсон байгаа юм.
Үргэлжлэл бий...