НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Дөлгөөнийг энэ оны хоёрдугаар сарын нэгний өдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар хууль бусаар томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Д.Дөлгөөн нь төрийн албаны шалгалт өгөөгүй, ажилласан жилийн болзол, шаардлага хангаагүй атал түүнийг дээрх албан тушаалд томилсон байдаг. Тиймээс Төрийн албаны зөвлөл энэ оны гуравдугаар сарын гуравны өдөр Д.Дөлгөөнийг хууль бусаар томилсон тушаалыг хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгаврыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайванд өгсөн байдаг.
Гэвч энэхүү тогтоолыг Г.Энхтайван нь биелүүлээгүй учир энэ оны аравдугаар сарын 27-ны өдөр ТАЗ-өөс Д.Дөлгөөнийг хууль бусаар томилсон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын Б/09 дугаар тушаалыг хүчингүй болгох тогтоолыг гаргасан талаарх мэдээллийг бид өмнөх нийтлэлдээ онцолсон.
Тэгвэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайваны энэ оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Б-76 дугаар тушаалаар Д.Дөлгөөнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Гэвч түүний оронд мөн л хууль бусаар С.Оюунцэцэг гэх хүнийг томилжээ. С.Оюунцэцэг нь тус албанд мэргэжилтэн хийж байсан бөгөөд дээрх албанд томилоход албан тушаалын мэргэжил таарахгүй нэгэн аж.
Ямартай ч Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг биелүүлэхгүй гэх шалтгаанаар суудал нь ганхаж мэдэхээр байсан НХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван Д.Дөлгөөнийг чөлөөлж.
Гэвч тэрбээр дахин хууль зөрчиж томилгоо хийсэн нь анхаарлын төвд үлдэв. Ташрамд өгүүлэхэд, НХААГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайваныг хууль бусаар томилсон байдаг юм. Түүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хууль бусаар томилж байжээ. Тэрбээр нөөцөд бүртгэлтэй тусгай шалгалт өгөөгүй нэгэн юм.