Ш.Адьшаа: Богд Зонхов бурхны хөшөөг барих ажлын төсөвт өртгийг 27 тэрбумаар нэмэгдүүлснээ тайлбарлаж чадахгүй байна

Ш.Адьшаа: Богд Зонхов бурхны хөшөөг барих ажлын төсөвт өртгийг 27 тэрбумаар нэмэгдүүлснээ тайлбарлаж чадахгүй байна

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум гаруй төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид өмнө нь /2021.11.20/ мэдээлсэн.

Тэгвэл бурхны хөшөөнг анх 5,5 тэрбум төгрөгөөр барих төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Анандбазар нар санаачлан анх УИХ-ын өргөн барьсан байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Би энэхүү төслийг санаачилж, УИХ-д оруулсан нь үнэн. Гэхдээ тухайн үед төсөвт өртөг нь 5,5 тэрбум төгрөг байсан. Ямар шалтгаанаар хэн, хаана төсөвт өртөгийг нь нэмснийг мэдэхгүй" гэж байсан билээ. 

Тэгвэл тэрбээр өчигдөр /2021.12.21/ Ховд.мн сайтад өгсөн энэ талаар өгсөн тайлбартаа "Богд Зонхов гэдэг аялал жуулчлалын төсөл түүний барилга байгууламжийн асуудал байсан. Монголын ард түмний зан заншлыг дэмжих, аялал жуулчлалаар дамжуулан улс орноо хөгжүүлэх зорилгоор УИХ-ын хоёр гишүүний хамтаар зарчмын зөрүүтэй санал оруулж батлуулсан. Ямар нэгэн хөшөө дурсгал баръя, би үүнд нь тоосгоо өгье гэдэг хувийн эрх ашгаа оруулаагүй. Монгол хүний итгэл үнэмшил, эх орноо сурталчлах, залуу үеэ зөв хүмүүжилтэй болгох асуудлын хүрээнд зан заншил, уламжлалт соёлыг дэмжсэн юм. 5.5 тэрбумаар баталсан асуудлыг Засгийн газар төсөвт өртгийг нь нэмэгдүүлж 27 тэрбумыг нэмсэн. Энэ яагаад орж ирснийг, ажлыг нь ямар компани авсан асуултад эрх баригчид хариулт өгч чадахгүй байгаа. Сангийн яам төслөө царцаана л гэсэн болохоос хэн үүнийг зохион байгуулсан, 27 тэрбумыг яагаад нэмснийг тайлбарлаж чадлахгүй байна. Цаашид үүнд анхаарч нэг мөр болгоход ажиллана. Би төсөлд оролцоогүй. Хариуцлагатайгаар мэдэгдэе"гэлээ.