"Ковидын хуулийг дахин зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг ДЭМЖЛЭЭ"

"Ковидын хуулийг дахин зургаан сараар сунгахыг МАН-ын бүлэг ДЭМЖЛЭЭ"

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, өнөөдөр /2021.12.20/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. 

Үүнд:

  • Нэгдүгээрт, Эдийн засгийн шинэ сэргэлтийн эдийн засгийн бодлого болон түүнтэй дагалдах хуулиуд 
  • Хоёрдугаарт, Ковид-19-ийн хуулийг сунгахтай холбоотой асуудал
  • Гуравдугаарт, Төрийн үйлчилгээний ажилчид гэрээгээр ажиллахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. 

Өнөөдөр Ерөнхий сайдаас оруулж ирсэн эдийн засгийг сэргээх шинэ бодлогын дунд хугацааны хөтөлбөр болон түүнийг дагасан 20 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг зарчмын хувьд дэмжлээ. Энэ асуудлыг лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэх юм. Нийт 47 хуульд яваандаа өөрчлөлт оруулна. Үүний эхлэл болох эхний 20 орчим хуулийн төслийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон.

Хоёрдугаарт, Ковид-19-ын хуулийг зургаан сарын хугацаатай сунгах нь зүйтэй гэсэн шийдвэрийг бүлгийн хуралдаанаас гаргалаа. Тус хуулийг өмнө нь хоёр удаа сунгаж байсан. Дэлхий дахинд коронавирусийн шинэ хувилбар тархаж зарим улс оронд хөл хорио тогтоож байна. Хоёрдугаарт, манай хил гааль, экспорт хаагдсан байгаа. Тийм учраас эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Үүнтэй холбогдуулан Цар тахлын хуулийг ирэх оны долоодугаар сарын 1-ныг хүртэл сунгахыг зарчмын хувьд дэмжсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барина. Энэ асуудлыг энэ ондоо багтаан шийдвэр гаргана. 

Гуравдугаарт, Төрийн үйлчилгээний албан хаагчдыг гэрээгээр ажиллуулах асуудлыг бүлгээр хэлэлцээд 2021 онд авч буй цалин хөлс, нэмэгдлийг 2022 онд бууруулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар мөн энэ асуудлыг хэлэлцэнэ. Ковидын хуулиар зохицуулах бүрэн боломжтой гэж үзсэн.