Энэ долоо хоногийн УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийхээр товлосон.
Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд "Иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгсэл"-ийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөхөөр ийнхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй аж.
Зөвхөн зорчигч тээврийн зориулалтаар үйлдвэрлэсэн агаарын хөлгийг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлж буй зохицуулалт нь ерөнхий зориулалтын болон ачаа тээврийн агаарын хөлөгт хамаарахгүй байгаа тул Нэмэгдсэн өртгийн
албан татварын тухай хуулийн 13.1.6-д заасан “агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг”-ийг татвараас чөлөөлж буй зохицуулалтыг өөрчлөн “бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийг татвараас чөлөөлөх” зохицуулалт бүрдүүлж, холбогдох татварын хууль тогтоомжийг “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нийцүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна. Монгол Улсын тухайд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийх аж.