Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хэсгийг нээх нээлтийн ажиллагаа /2019.09.16/ боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын "20 дугаар товчоо" групп, зөвлөхөөр "Ростов" ХХК ажиллаж байгаа юм. Гүүрэн гарц нь дөрвөн эгнээ, 477 метр урт, 16.5 метр өргөн зорчих хэсэгтэй бөгөөд гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай юм.
Замын нээлтийн үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс цөөн зүйл тодрууллаа.
-Замын ажлыг хэзээ 100 хувь дуусгах вэ?
-Нийслэл хотод 500 мянган машин явж байгаа шүү дээ. Хотын замын инженерийн шугам сүлжээ 1100 км хатуу хучилттай замтай. Манай 477 м урт гүүр өнөөдөр ашиглалтад орж хөдөлгөөнийг нь нээж байна. Гэхдээ бид 100 хувь дуусгаагүй. Энэ оны сүүл гэхэд бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Та бүхэн тооцоо судалгаа хийж үзсэн байх. Гүүр ашиглалтад ороод түгжрэл хэр буурах бол?
-А,В,С гэсэн гурван рамнаас бүрдсэн зам. Сошиалаар ямар зураг яваад байсныг мэдэхгүй. Анхны зураг төсөлдөө гурван рамтай зам л хийгдэхээр байсан. Энэ зам ашиглалтад орсноор замын түгжрэл тухайн хэсэгтээ 20-30 орчим хувиар хангалттай буурна. Гэхдээ иргэддээ анхааруулж хэлэхэд 477 метр урт гүүрэн дээгүүр явган зорчигчид зорчихгүй шүү гэдгийг анхааруулж хэлэх хэрэгтэй.
-Явган зорчигчдод зориулсан гарц шийдэх үү?
-Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа. Явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж гэх мэтчилэн бүрэн комплексоор нь энэ бүтээн байгуулалтыг шийдээд явж байна. Технологийн горим болон чанар стандартын талд ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг хариуцлагатай хэлэх байна.