Ардчилсан намаас МУ-ын баатар Э.Бат-Үүл болон иргэдэд Хууль, шүүхийн байгууллага ялгавартай хандаж, давхар стандарт гаргаж байгаа асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг, АН-ын удирдлагууд Хэвлэлийн бага хурал хийж байна.
Энэ үеэр Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ: Хууль шүүхийн тогтолцоо өнөөдөр ялгавартай байдлаар нийгэм, иргэдэд үйлчилж байна. Энэ байдал хэрээс хэтэрлээ. Төрийн тангараг өргөсөн алба хаагчид болон албан тушаалтан, төрийн анхан, дунд шатны бүх байгууллага авилга хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан асуудал хэрээс хэтэрч байна. Цар тахал өвчнөөр иргэдийг айлгаж, үзэл бодлоо илэрхийлэх, зорчих, ажил хөдөлмөр эрхлэх бүх боломжийг “ковидизм” гэдэг дарангуйллаар хааж байна.
Өнөөдөр бодит байдал дээр ЖДҮ-чид хаана байна вэ, төрөөс хэдэн тэрбумаар нь идсэн авилгачид хуулийн ямар хариуцлага хүлээсэн юм. Эдгээр асуудал дээр үүнээс цааш ардчилсан намынхан дуугүй байхгүй. Бид энэ бүх асуудлыг нээлттэй тод гаргаж тавина. Ардчиллын анхны лидерүүдийн нэг, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн гэмт үйлдэл гээд байгаа асуудал дээр мэдээлэл цуглуулаад үнэхээр гайхсан. Нэгдүгээрт хохирол тогтоогдоогүй. Шинжээчдийн баг шинжилгээ дүгнэлт гаргасан боловч хохирол тогтоогдоогүй. Хохирол тогтоогдоогүй гэсэн мэдээллийг би авсан. Хохирол тогтоогүй байхад яагаад хохирол учруулсан мэтээр яллаж байгаа юм. Хоёрдугаарт 400 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн нэхэмжлэлийг НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУДААС гаргасан юм байна лээ. Тэрийг нэмж хассаар байгаад 1.3 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан мэтээр дүгнэсэн байна лээ. Үүнийг нотолсон нэг ч нотолгоо байхгүй. Өчнөөн хэдэн тэрбум төгрөгөөр идэж ууж, хохирол учруулсан нөхдүүд хэдхэн төгрөгөөр торгуулсан нэр зүүгээд бүгдээрээ эрх чөлөөтэй гуяа алгадаад явж байгаа. Өчнөөн олон арван тэрбумаар нь идэж шамшигдуулсан тэр битгий хэл хүн амины хэрэгт холбогдсон хүмүүс төрийн түшээ, сайд болчихсон, тэнгэрийн суудалд суучихсан явж байна. Үнэхээр гэм буруутай бол олон нийтийн өмнө шүүх хэрэгтэй. Өнөөдөр нийгэмд ялгавартай ханддаг шүүх нийгмийн тогтолцоог хэзээ халах вэ?
Магадгүй шүүх хуулийн байгууллага Э.Бат-Үүл асны гэм буруутайг тогтоосон байхыг үгүйсгэхгүй. Гэвч яагаад шүүх хурлыг тав хоног хаалттай хаалганы цаана хуралдуулав. Энд улсын нууц, болон олон түмнээс нуух шалгаан байгаа юм. Үнэхээр гэм буруутай бол олон түмний нүдэн дээр шүүж тогтоосон бол хэнд ч гомдолгүй. Бүх зүйлийг хаалтай, нууц байдалд “төрийн нууц” гэдэг үгээр халхавчилж олон түмнээс бодит үнэн мэдээллийг нууж хааж асуудлыг шийддэг энэ байдлаас эрх баригчид хэзээ салах вэ?
Яг одоогийн байдлаар бид Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлсэн байж МАГАДГҮЙ гэсэн дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй байна. Бид тэмцлийн бүх хэлбэрээр ажиллах болно.