МАН-ын гишүүнийг ажлаас нь халсан Хөвсгөлийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд Ц.Нямдорж хатуу анхааруулга өгчээ

МАН-ын гишүүнийг ажлаас нь халсан Хөвсгөлийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд Ц.Нямдорж хатуу анхааруулга өгчээ

Орон нутгийн 2020 оны сонгуулиар МАН ихэнх аймагт ялалт байгуулсан бол Архангай, Увс, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг долоон аймагт АН ялалт байгуулж, орон нутгийг удирдаж байгаа билээ.

Олон жил нэг нам засагласан газарт өөр нам гарсан тохиолдолд бүтэц, хүний нөөцийн өөрчлөлт, шинэчлэл хийж, багаа бүрдүүлдэг бичигдээгүй хууль хэдийнэ тогтсон. Эл жишгээр гэх үү Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан МАН-ын угшилтай гэх нэгэн төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Харин энэ нь өндрийг авч, Засгийн газрын түвшинд очжээ.

Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд албан бичиг хүргүүлсэн байна. Тус албан бичигт, "Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай дурджээ. Тодотговол, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаагүй учир өмнө нь гаргасан шийдвэрүүдээ өөрчилж, дүнг энэ сарын 18-ны дотор хүргүүлэх. Хэрэв үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэдгийг ХАТУУ АНХААРУУЛЖ байна" хэмээжээ. 

ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдоржийн албан тоот

Хууль тогтоомжийг мөрдөж ажиллах нь Засаг даргын үүрэг ч гэлээ эл асуудал нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хэмжээнд хүртлээ томорсон нь хачирхалтай. Харин эл үйлдлийг олон нийт МАН-ынхан Ардчилсан нам засаглаж байгаа цөөн хэдэн аймгийн удирдлагуудыг "дарамталж" байгаагийн тод жишээ хэмээн харж байгаа юм. Ямартай ч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж намынх нь нөхрийг ажлаас халсан Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд хатуу анхааруулга өгчээ.