Засгийн газрын өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанаар /2021.12.14/ нэг удаагийн Ковидын хууль буюу Цар тахлын нэг удаагийн хууль буюу "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" хуулийг дахин сунгах асуудлыг нууцын журмаар хэлэлцсэн байна. Ингээд сунгах шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд ирэх долоо хоногийн МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.
Одоогоор тус хуулийг сунгах эсэхээр УИХ-ын дарга Г.Занданшатартай зөвлөлдөж байгаа юм байна. Уг хуулийг 2019 онд Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн дэмжүүлсэн бөгөөд түүнээс хойш зургаан сараар хоёр удаа сунгаж байсан.
Харин энэ удаа УИХ-ын гишүүд дэмжиж батлах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь өмнө нь уг асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын нэр бүхий гишүүд "Гамшгийн хуулиар зохицуулж болох асуудлыг заавал тусад нь Цар тахлын хууль гаргаж байна. Уг хуулийн дор Засгийн газар төсвийн хөрөнгийг хяналтгүй үрж байна. Төрийн албаны томилгоог сонгон шалгаруулалтгүй хийж байна" гэж шүүмжилж байсан юм.