"Богд Зонхов" бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны улсын төсөвт тусгаж, УИХ-аар батлуулсан талаар бид мэдээлсэн билээ.
Энэ нь ч олны эсэргүүцэлтэй тулгарч, уг төслийн төсвийн ерөнхийлөн захирагч болох Соёлын сайд Ч.Номин “Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхов” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй” хэмээн мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч энэ чиглэлийг барьж ажиллахыг даалгасан байдаг.
-“БОГД ЗОНХОВ”-ЫН ТӨСВИЙГ ЦАРЦААХ СОЁЛЫН САЙД Ч.НОМИНГИЙН САНАЛД ДАРААХ ЗҮЙЛИЙГ ДУРДЖЭЭ-
Тэгвэл Соёлын сайд Ч.Номин хэлсэндээ хүрч, Засгийн газарт санал хүргүүлжээ. Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхов”-ийн барилгын төсвийг “царцааж” өгөхийг хүссэн Соёлын сайдын саналыг Засгийн газрын ирэх долоо хоногийн буюу энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.
Соёлын сайд Ч.Номингийн саналд, “Төсвийн тухай хуульд зааснаар төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зарчмыг баримтлан төсвийг үр ашигтай удирдах, хөтөлбөрийн үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар заасны дагуу 2022 оны Төсвийн тухай хуулийн XIV.1.50-д заасан “Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова” төсөл арга хэмжээг “царцаах”-ыг хүсэж, “Тухайн жилийн төсвийн хуулиар батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалтад шинэ арга хэмжээ нэмж тусгахгүйгээр, тэдгээрийн гүйцэтгэлийн явц байдалтай уялдуулан, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын дүнд багтаан хөрөнгийн зохицуулалт хийх” талаар зохих арга хэмжээг авч өнгө үү” хэмээжээ.
Соёлын сайдын энэхүү саналыг Засгийн газар дэмжвэл, Сангийн сайд уг төсвийг хэрхэх эсэхийг шийдэж, улмаар төсвийн тодотголоор уг төслийн төсвийг царцаах эсэхийг шийдэх учиртай юм.
-“БОГД ЗОНХОВ”-ЫН ХӨШӨӨНИЙ ТӨСВИЙГ АНХ "ХАРАНХУЙ"-ГААР ОРУУЛЖ, 5,5 ТЭРБУМЫГ БАТЛУУЛЖЭЭ-
Төсөвт өртөг нь даруй 27 тэрбум төгрөгөөр өссөн “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий цогцолборын талаарх “но”-той мэдээллийн нэхэн сөхвөл, УИХ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай” хуулиар Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхов” төсөл арга хэмжээний төсөвт өртгийг 5.5 тэрбум төгрөг, үүнээс мөн онд санхүүжих дүнг 1.5 тэрбум төгрөг байхаар анх баталсан байдаг. Гэвч энэхүү мөнгийг захиран зарцуулалгүй буцаасан гэдэг. Учир нь төсвийн тухай хуулийн 29.4-т “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” хэмээсэн заалтыг нэр бүхий гишүүд зөрчиж, “Богд Зонхов” бурхан хөшөөг барих төслийг “харанхуйгаар” батлуулсан байдаг.
Ямар ч тооцоо судалгаагүй, зураг төсөлгүй хууль зөрчиж оруулж ирсэн “Богд Зонхов” бурхны хөшөөнд 5.5 тэрбум төгрөгийг яагаад батлав, үүнийг тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга Г.Занданшатар нар мэдсэнгүй юу, гишүүд энэ мэтээр хууль зөрчиж, төсөв баталдаг уу гэх хардлага ч 32 тэрбумын хөшөөтэй зэрэгцэн анхаарал татаж буй юм. Энэ бүхнээс үзэхэд гишүүд дур зоргоороо төсөв оруулж ирдэг, үүнийг нь Сангийн сайд, Их хурлын дарга, гишүүд нь судалж, үздэггүй байна.