Б.Пүрэвдорж: Ахмадын тэтгэврийг нэмэх хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа учраас би тэмцэнэ

Б.Пүрэвдорж: Ахмадын тэтгэврийг нэмэх хуулийн төслийг хэлэлцэхгүй байгаа учраас би тэмцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргаж үг хэлэв.

Тэрбээр "Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнийн өсөлт тэдэнд хүнд цохилт болж байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна. Миний бие тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээн тэмцэж байж уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан.

Харамсалтай нь, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээгүй. Тус хорооны дарга энэ хуулийг түүхий байна гэж хэлсэн. Гэхдээ тийм зүйл байхгүй. Мөн уг хуулийн төслийг өнгөрсөн Пүрэв гаригт УИХ-аар хэлэлцүүлэх санал гаргасан боловч даргын зөвлөл хэлэлцсэнгүй. Энэ хуулийг хэлэлцэхгүй байгаа учраас би ахмадуудтай хамтарч тэмцэхээр болсон. Долоон жилийн дунджаар биш таван жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгоё гэдэг нэртэй группийг фэйсбүүкт нээсэн. Хамтдаа тэмцэнэ. Цагаан сар болж байна. Энэ хуулийг батлаад өгвөл ахмадууд чинь их баярлана даа" гэлээ.