Ардчилсан намаас Үндэсний анхдугаар чуулган болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Ардчилсан намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь "Үндэсний анхдугаар чуулганаар уриалга, зөвлөмж гаргасан. Зөвлөмжид "Ардчилсан нам эв нэгдэлгүй байгаагаасаа болж, ард иргэдийнхээ итгэлийг хүлээж чадахгүй байна. Иймд эв нэгдлийг эрхэмлэж, эвлэлдэн нэгдэх, Ардчилсан намын бүлэг идэвхтэй ажиллаж, хүчтэй сөрөг хүчин байх, намын дүрэмд шинэчлэл хийх, иргэдтэйгээ хамтран ажиллах, шаардлагатай бол Намын их хурлыг хуралдуулах" зэргийг тусгасан.
Харин уриалгад "Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр бодит ажил хийх, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг царцаах, хүүхдийн мөнгийг тогтвортой өгөх, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх зэргийг уриалсан " гэв.
Ардчилсан намын дарга М.Тулгат "Улс эх орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед Ардчилсан нам нэгдэн нийлэхээс өөр арга алга. Бидний дунд маргаан үл ойлголцол байгаа. Гэсэн ч одоо чанарын хувьд нэгдэх яриа хэлцэл хийж, Улсын Дээд шүүхэд хандсан байгаа асуудалд шүүхээс гаргасан шийдврийг хоёр тал аль, аль нь хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголцолд хүрсэн. Улсын Дээд шүүх асуудлыг шударгаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж найдаж байна" гэлээ.