Гайти арал улсад шатахуун түгээх автомашин дэлбэрч, 60 гаруй хүн нас барчээ

Гайти арал улсад шатахуун түгээх автомашин дэлбэрч, 60 гаруй хүн нас барчээ

Өчигдөр өглөө Карибын тэнгисийн Хайти арал улсын Кап-Хайтиен хотод шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдох үеэр олон хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарчээ.

Хайтьен хотод шатахуун түгээх машин дэлбэрч, 60 гаруй хүн нас барсан ба хэдэн зуун хүн түлэгдэж 20 орчим байшин шатжээ. Түлэгдсэн хүмүүсийн биеийн байдал одоогоор хүнд байгаагаас гадна эмнэлгийн ажилтнууд нас барагсдын тоо нэмэгдэж болзошгүйг анхаарууллаа.

Амиа алдсан хүмүүсээс гадна биеийн 60-аас дээш хувь нь түлэгдсэн 40 орчим өвчтөн хүргэгдэж ирсэн тухай ойролцоох эмнэлгийн төлөөлөгч мэдээлжээ.

Гэмт хэргийн бүлэглэлүүд тус улсын шатахуун түгээлтийн ихэнх хэсгийг хяналтдаа авсны улмаас шатахууны хомсдолд ороод буй. Иймд хүмүүс асгарсан түлшийг цуглуулах гэж байгаад олноороо түлэгдэж  гэмтжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан Хайти улсын ерөнхий сайд Ариэл Анри үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарласан байна. Даваа гарагт Хайтийн нийслэлд иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байв. Таван сарын өмнө Хайти улсын ерөнхийлөгч Жовенел Мойсе гэртээ байхдаа хөлсний алуурчдын гарт алагдсан нь улс төр, эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлжээ.