Энэ сарын 3 /2021.12/ -ны өдөр Онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.12.15/ амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэн мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэний гаргасан тус мэдэгдэлтэй холбоотойгоор Ж.Одгэрэл дахин мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “Өнөөдөр өглөө нөхрийн маань ар гэрийнхнээс хийсэн мэдээллийг үзээд маш их цочирдлоо. Манай нөхрийг амьд байхад аав, ээж, ах дүү нар нь бидний харилцааг мэддэг, манайхаар орж гардаг байсан. Гэтэл өнөөдөр хийсэн мэдэгдэл дээрээ огт танихгүй, харж байгаагүй гэж ярьж байна. Манай нөхрийг амьд байхад нь зүгээр инээгээд юм ярьдаг байсан. Гэтэл өнгөрснийх нь дараа нүүрээ бурууллаа. Хамт амьдарч байсан жирэмсэн хүүхнийг нь танихгүй, жирэмсэн биш гэх мэт байдлаар намайг үгүйсгэж байна. Тэр мэдэгдлийг хараад би маш их хямарсан. Тухайн цогцос хадгалах газар тэд нар надтай хамт орж харсан. Аав нь манай хүний цогцсыг авахад гарын үсэг зурсан. Одон, медалиудыг нь авч зугтсан зүйл байхгүй. Энэхүү одон, медалиуд нь анхнаасаа бидний амьдарч байсан гэрт байсан. Оршуулгын ажлын үеэр хэрэглэчихээд өгнө гэж Онцгой байдлын газраас авсан. Талийгаачийн дүү нь "Энэ хэрэггүй хог, төмрүүдээ ав" гэж хэлж шидэхдээ над руу үг, хэлээр дайрсан.
Анхны амьдрал бүтэлгүйтсэн ч нөхөр минь миний амийг аварсан аврагч. Өнөөдөр намайг муулах биш харамсалтайгаар бусдын буруугаас болж амиа алдсан хүүгийнхээ амийг нэхэх хэвлэлийн хурал болох байх гэж бодсон. Би жирэмсэн гэдгээ нотолж харуулах боломжтой. Одоо 3 сартай жирэмсэн. Өмнөх амьдралдаа би зулбаж байсан нь үнэн. Тухайн үед маш сайн эмчилгээ хийлгэж, эмнэлгээр явсаны дүнд жирэмсэн болсон. Ээж нь намайг төрөхөөс өмнө хадаг барьж, гуйя гэж ярьж байсан. Надад орлого төлөөлөх хүн хэн байх нь хамаагүй, надад сохор зоос ч хэрэггүй. Миний нөхрийн үхлийн шалтгаан, хэрэг нь үнэн зөвөөр шийдэгдээсэй гэж хүсэж байна” гэлээ.