Маргааш буюу 12 дугаар сарын 16-ны өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай албан ёсны уулзалт хийнэ. Тэгвэл уулзалтаар хоёр орны ерөнхийлөгчид хилийн шалган нэвтрүүлэх боомтын талаар ярилцаж, гаалийн үйл ажиллагааны тухай баримт бичигт гарын үсэг зурна гэдгийг Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг ОХУ-ын “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хоёр орны удирдагчид хамтарсан тунхаглал, хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн үйл ажиллагаа, оюуны өмчийг хамгаалах зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр гарын үсэг зурсан баримт бичгүүдийг батлах төлөвтэй байна” гэжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь төрийн тэргүүний хувиар анх удаа ОХУ-д албан ёсны айлчлалаа хийж байна. Үүнээс өмнө Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа ОХУ-д хэд хэдэн удаа айлчилж байсан билээ.
Эх сурвалж: ТАСС