УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх асуудлаар Цэцэд хандсан байдаг. Тодруулбал, тэд Засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн ажиллахыг хориглоно гэх Үндсэн хуулийн заалтыг өөрчилж 100 хувь “давхар дээл”-тэй сайд нараас бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзэж тус агуулгаар хандсан гэж буй юм.
Харин АН-аас УИХ-д сонгогдсон Б.Пүрэвдорж гишүүн, “Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулаад Засгийн газартаа “давхар дээл”-тэй гишүүд авчирна гэдэг нь МАН өөрсдийнхөө байр, сууриас яаж буцдагийг харуулж байна” гэж мэдэгдээд буй.
Энэ бүхнээс харвал, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын “Давхар дээлтэй” гишүүдийн асуудалд нэгдмэл байр суурьгүй байгааг илтгэж байна.
Учир нь, тус бүлгийн гишүүдийн зарим нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын бодлого, шийдвэрийг дагадаг гэдэг. Энэ утгаараа Засгийн газрын гишүүдийг 100 хувь “Давхар дээлтэй” болгох МАН-ын хүсэлтийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нараар дамжуулж Үндсэн хуулийн цэцэд уламжлав уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Учир нь Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй билээ.