С.Энхболд: Омикрон хувилбарын эмнэлзүйн нууц хугацаа нь маш богино, халдварлах чадвар хурдан байна

С.Энхболд: Омикрон хувилбарын эмнэлзүйн нууц хугацаа нь маш богино, халдварлах чадвар хурдан байна

Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан боллоо. Энэ үеэр Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Омикрон хувилбарыг ПСР шинжилгээгээр илрүүлэх боломжтой. ДЭМБ-ын зөвлөмжөөр ХӨСҮТ-д аппарат суурилуулж, шинжилгээ хийж, хувилбаруудаа тодорхойлдог болсон. Зарим улсад вакцины IV тунгийн асуудал яригдаж байгаа. Ихэнх улс бүүстэр тунг эрчимжүүлж байна. Омикрон хувилбарын онцлогт тохируулсан вакцины судалгаа эрчимтэй хийгдэж байна. Вакцин одоохондоо гараагүй.

Ковидын дараах хам шинжийн талаар иргэдэд зөвлөмж, зөвлөгөөг эрчимтэй явуулж байгаа. Үүнтэй холбоотой удирдамж гаргасан. Үүний дагуу эрүүл мэндийн байгууллага, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг иргэдэд зөвлөгөө өгч байна. Омикрон хувилбарын нууц үе одоогоор 2.5 хоног байна. Эмнэлзүйн нууц хугацаа нь маш богино, халдварлах чадвар хурдан байна. Бид иргэдэд халдвар хамгааллын дэглэмээ барихыг байнга хэлж байгаа. Мөн шаардлага хангасан амны хаалтыг тогтмол зүүж, бүүстэр тундаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Дотоодод хийсэн судалгаанд үндэслэн III тунг хийж байгаа.

Бидний хийсэн судалгаагаар вакцины хийлгэснээс хоёр сарын дараа титр огцом буурч байна. Хоёр тун хийлгэснээс хоёр сарын дараа эсрэг биеийн титр 20 байсан бол гурав дахь тун хийсний дараа 400 руу очсон. Санамж эсийг маш сайн сэргээж, дархлалын эсүүдийг өдөөж байна гэсэн тооцооллыг хийсэн учраас бүүстэр тунг эрчимтэй хийсэн. Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 43 хувийг бүүстэр тунд хамруулаад байна" гэлээ.