Д.Ганбат: Оюутолгойн гэрээ ард иргэдэд өгөөжтэй болоосой гэсэн хүлээлттэй байна

Д.Ганбат: Оюутолгойн гэрээ ард иргэдэд өгөөжтэй болоосой гэсэн хүлээлттэй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2021.12.13) мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.

  • Нэгдүгээр, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүний эрхийн асуудал, 
  • Хоёрдугаарт, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн онцлог, боломж анхаарах асуудал,
  • Гуравдугаарт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д 13 настай охин хүчирхийлэлд өртсөн хэрэг долоодугаар сард гарсан ч энэ сард мэдээлэл нь ил болсон. Тиймээс ч бид УИХ-д анхаарал хандуулах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн" гэдгээ мэдэгдэв. 

Мөн Оюутолгойн гэрээ хэлэлцээний талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Түүхий эд, зэсийн үнэ өндөр байгаа. Цаашид цахилгаан машин, техник технологийн дэвшлээс шалтгаалан зэсийн үнэ илүү өсөх магадлалтай. Үүний дагуу Монгол Улс энэ зах зээлд томоохон байр суурьтай оролцох боломж харагдаж байна. Үе үеийн Засгийн газрууд энэ гэрээг сайжруулахын тулд ажиллаж ирсэн. Л.Оюун-Эрдэний Засгийн газар эл асуудалд санаачилгатай, сайн ажиллаж байна гэж харж байна. Зэсийн үнэ өндөр байгаа энэ үеийг тооцож, цаашид Оюутолгойн гэрээг ард иргэдэд өгөөжтэй болоосой гэсэн хүлээлттэй байгаа" гэв.