БНСУ-д суралцдаг Монгол охин хүчирхийлэлд өртсөн асуудлаар БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа болоод тус улсын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эгүүлэн татах шийдвэрийг Гадаад харилцааны яамнаас гаргажээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гараг/2021.12.10/-т хүргүүлсэн. Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татах шийдвэрийг Төрийн албан зөвлөлийн салбар хуралдаанаар гаргасан. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж, эгүүлэн татахаар болсон нь үнэн" гэх мэдээллийг өглөө.
Тэгвэл Гадаад харилцааны сайдын дээрх саналыг Ерөнхийлөгч зөвшөөрвөл Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх учиртай. Улмаар байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм. БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Консул Ц.Өнөрзаяа нарыг Солонгост зодуулсан монгол охины асуудалд мэдрэмжгүй, сэтгэлгүй хандсан хэмээн ийн хариуцлага тооцож байгаа аж.