Төрийн өмчит томоохон компаниудын худалдан авалтын дийлэнхийг 14 компани нийлүүлж байгаа гэх анхаарал татам судалгаа гарчээ.
Тодруулбал, төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэставан толгой”, “Монголросцветмет” компаниудын 2019-2020 оны нийт худалдан авалтын дүн 5,8 их наяд төгрөгөөр хэмжигджээ. Тендерийн мэдээллийн санд дээрх гурван компанийн 4000 гаруй худалдан авалт бүртгэгдсэн байна. Харин нийт худалдан авалтын 70 хувийг 7 компани нийлүүлсэн байх аж. Үүнээс дөрөв нь “Эрдэнэставан толгой” ХК-ийн оператор компани бөгөөд 5,8 их наядын худалдан авалтын 58 орчим хувийг эзэлж байна гэх судалгааг “Монгол дата клуб”-ээс гаргажээ.
Тэгвэл төрийн өмчит үйлдвэрийн газрын 5,8 их наяд төгрөгийн худалдан авалтыг аль, аль компани нийлүүлэв, тэдгээр компаниудын эзэд хэн бэ гэдгийг сонирхож үзлээ.
“Монгол дата клуб”-ээс гаргасан судалгаагаар, “Хишиг арвин индустриал” ХХК 2019-2020 онд дээрх ТӨҮГ-т нэг их наяд 86 тэрбум 927 сая 710 мянга 58 төгрөг төгрөг /1,086,927,710,058/-ийн бараа үйлчилгээ ханган нийлүүлсэн байна.
-ТӨҮГ-Т ИХ ХЭМЖЭЭНИЙ БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ НИЙЛҮҮЛСЭН "ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ" ХХК-ИЙН ЭЗЭН ХЭН БЭ-
Улсын бүртгэлийн нэгдсэн мэдээлэлд “Хишиг арвин индустриал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Хишигдоржийн Батхишиг гэх хүн бүртгэгджээ. Харин хувьцаа эзэмшигч нь Бадамдоржийн Хишигдорж. Тус компани нь 2010 онд авто зам, замын байгууламжийг барих, засварлах, сэргээгдэх эрчим хүчний засвар үйлчилгээ, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн түрээс, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан байна.
Олон нийт “Хишиг арвин индустриал” ХХК-ийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Болороогийн нөхрийн хэрэг, Наро банчэн гэгээнтэн тус компаний эзний хүргэн гэдгээр нь андахгүй болсон биз.
Хэдийгээр тус компанийн бүртгэлд дээрх хүмүүсийн нэр дээр байх ч жинхэнэ эзэн нь Ардчилсан намын дарга М.Тулгат гэх мэдээлэл гардаг ч тэрээр өөрийн намтартаа “Хишиг арвин” групп ерөнхий менежер, дэд захирал хэмээн бичсэн байдаг. Харин тэрээр “Хино индустриал трак” ХХК-ийн гүйцэтгэх захирал хэмээжээ. Гэтэл тус компанийн албан ёсны сайтад М.Тулгатыг Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал хэмээсэн байна.