Л.Энх-Амгалан: Зөрчлийн хуулийг татахгүй бол ард иргэдийг айлган дарамталдаг айдас хүйдэс болчихлоо

Л.Энх-Амгалан: Зөрчлийн хуулийг татахгүй бол ард иргэдийг айлган дарамталдаг айдас хүйдэс болчихлоо

Сүүлийн үед "Зөрчлийн тухай хууль амьдрал нийцэхгүй байна. Ард иргэдийг торгож, төсөв бүрдүүлдэг хэрэгсэл болоод байгаа"-г иргэд шүүмжлэх болсон.

Тэгвэл энэ талаар ч УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцоллоо. Тэрбээр "Зөрчлийн тухай хууль батлагдсанаас хойш энэ хуулиар 5.6 сая иргэн, 73 мянга 800 ААН-ийг 173 тэрбум төгрөгөөр торгосон байна. Нэг үгээр хэлбэл 18 нас хүрсэн хүн 2.2 сая иргэнээ 2-3 удаагийн зөрчлөөр торгосон байна гэсэн үг. Мөн татвар төлж байгаа 70 мянган аж ахуйн нэгжээ бүгдийг нь торгосон байна. Түүнчлэн зөрчлийн хууль гарахаас өмнө цагдаа нар сард 10-15 хэрэг шалгадаг байсан бол одоо 110-135 хэрэг шалгадаг болсон байна. Ачаалал нь 10 дахин нэмэгдсэн. Энэ нь ард иргэдийг зөрчлийн хуулиар далайлган айлган дарамталдаг айдас хүйдэс болоод байна. Өнөөдөр ард иргэдийн өмнө тулгардаг асуудал нь Зөрчлийн хууль болжээ. 

Хатуухан хэлэхэд, Монголчууд цагдаагийн дохио зангаа дор амьдарч байна. Хууль хэрэгжүүлж байгаа цагдааг буруутгахыг хүсэхгүй байна. Гэхдээ нэг алхаад торгууль, бид ард иргэдээ торгодог улс орон болчихлоо. 

Судалгаараар парламентын засаглал өндөр хөгжсөн улс оронд тухайн хуулийг хүн амын 30-40 хувь нь зөрчсөн бол амьдрах чадваргүй хууль тогтоож гэж үзээд цуцалдаг байна. Гэтэл Зөрчлийн хууль 30-40 хувь бүү хэл нэг иргэн 2-3 зөрчил гаргадаг хууль баталсан байна. Үүнийг одоо өөрчлөхгүй юм уу" хэмээсэн байна.