ВИДЕО: АН-аас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж шаардлага хүргүүлжээ

ВИДЕО: АН-аас У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж шаардлага хүргүүлжээ

Ардчилал, хүний эрхийн өдөрт зориулан Ардчилсан намаас зохион байгуулсан "Хүний эрхийн нээлттэй индэр" цуглаанаас "Хүний эрхийн үндэсний форум 2021"-д оролцогсод болон Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандан шаардлага хүргүүлэхээр шийдсэнийг АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга А.Цэрэнбат нар гардуулж өглөө.

Тус шаардлагад, Ардчилсан нам иргэнийхээ эрх, эрх чөлөөг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ардчилсан төрийн дархлаа гэдэгт бүрэн итгэдэгээ илэрхийлээд, 5 зүйлт шаардлагыг тусгасан байна.

ҮҮНД:

  1. Монгол Улсын Засгийн газар Монгол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон бусад салбарт өргөн хүрээнд томоохон шинэчлэлийг 2022 онд бодитойгоор хэрэгжүүлэх,
  2. Монгол Улсын Ерөнхий сайд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн биелэлтийн талаар УИХ болон олон нийтэд тогтмол хугацаанд нээлттэй мэдээлэл хийх,
  3. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах ажилтнуудыг томилохдоо хүний эрхийн мэдрэмжтэй эсэхийг тодруулах үүднээс УИХ дээр томилгооны сонсголыг иргэд, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй хэлбэрээр зохион байгуулах,
  4. Хүний эрхийн комисс эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөн иргэдийн эрхийг хамгаалах чиглэлд бодитой ажлууд хийж, энэ талаар олон нийтэд тогтмол хугацаанд тайлагнадаг болох,
  5. Төр засаг, хууль сахиулах байгууллага иргэдийнхээ эрх чөлөө, халдашгүй дархан байдалд дарамт шахалт үзүүлдэггүй байх, хууль иргэн бүрд тэгш үйлчилдэг болгох, хууль хэрэгжүүлэх нэрээр эрх мэдэлтэнд хүчгүй, жирийн иргэдэд хайр найргүй ханддаг ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоож хуулийг нэг мөр хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Цаашид Ардчилсан нам Монгол хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай ажилладаг олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл, иргэдийн сайн дурын холбоод, иргэдтэйгээ өргөн хүрээнд хамтран ажиллах болно гэсэн байна.