​"Эрүүл мэндийн технологи 2021"-ын үеэр Омикрон хувилбарыг илрүүлэх төхөөрөмжийг танилцууллаа

​"Эрүүл мэндийн технологи 2021"-ын үеэр Омикрон хувилбарыг илрүүлэх төхөөрөмжийг танилцууллаа

“Мишээл экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд “Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, онцлох технологийн шийдлийг танилцуулсан бөгөөд амралтын өдрүүдэд /2021.12.11-2021.12.12/ үргэлжлэх аж.

Үзэсгэлэнд улсын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, эм, эмийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлдэг байгууллагууд оролцож байгаа юм. “Эрүүл мэндийн технологи 2021” үзэсгэлэнг Монгол Улсад орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ЭМЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ холбоо, АШУҮИС хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 2015 онд найман тэрбум төгрөг зарцуулж байсан бол өдгөө 41.2 тэрбум төгрөгийг төсөвлөж, судалгаа нотолгоонд суурилсан тоног төхөөрөмжөөр хангах ажлыг эрчимжүүлж байна. Энэхүү үзэсгэлэнд ирснээр эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны технологи, арга аргачлал, гаднын болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой” гэв.

Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан "Энэхүү үзэсгэлэнг 22 жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрүүд, эмнэлгүүд гээд нийтдээ 60 гаруй байгууллага оролцож байгаа юм. Иргэд үзэсгэлэнд ирснээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй шинэ техник, технологитой танилцахын сацуу оролцогч байгууллагуудын зохион байгуулж буй үзлэг оношилгоонд хамрагдаж, хямдралтай үнээр эм худалдан авах боломжтой. Мөн дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байна. Манай байгууллага эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдалтай холбоотой өдөр тутам нөөцийн мэдээллийг авч тасалдах эрсдэлтэй эмийг яаралтай шийдвэрлэж, татан авах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүд, эмийн сангуудад тасалдсан эм, тариа байхгүй. Гэхдээ тасалдах эрсдэлтэй эм тариануудын жагсаалтыг гаргаж тасалдахгүй байлгахад анхаарна" гэлээ.