Өнгөрсөн жил дотоодод коронавирусийн халдвар анх бүртгэгдэхэд иргэд, аж ахуй нэгжүүдээс УОК-т мөнгө болон бараа материал хэлбэрээр хандив өгч эхэлсэн. Нийт 289 аж ахуйн нэгж байгууллага, 256 иргэнээс 7.4 нийт төгрөгийн хандив цугларсан талаар албаныхан мэдээлсэн байдаг. Гэвч энэ их хэмжээний хандивын мөнгө чухам юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байсаар “мартагдсан”.
Мөн зарим иргэн “үр дүнгүй зүйлд зарцуулсан уу” гэж хардаж байсан билээ. Тэгвэл үр дүнгүй зарцуулсан байж болзошгүй нэгэн жишээг энд дурдах гэж байна. Тодруулбал, ОБЕГ иргэдийн өгсөн хандивын мөнгөөр хошин урлагийн “Мөрөөдлийн театр” продакшнд “Вакцинтай зун” контент хийлгэсний төлбөр болгон 50 сая төгрөгийг шилжүүлсэн байгаа юм. Иймд бид Мөрөөдлийн театрын 50 саяын үнэтэй контентын мөрөөр дараах мэдээллийг бэлтгэлээ.
-ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН Г.АЛТАНШАГАЙ УГ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭВ-
ОБЕГ-ын аравдугаар сарын шилэн дансны мэдээллийг шүүж үзвэл “Вакцинтай зун” контент хийлгэсний төлбөр болгон нийт 50 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлжээ. Харилцагч байгууллагын нэр “Мөрөөдлийн шинэ театр” ТББ. Гэрээнд гарын үсэг зурсан хүн нь Г.Алтаншагай.
Өөрөөр хэлбэл, Шадар сайд С.Амарсайханы тушаалаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалах зорилгоор “Вакцинтай зун” контентыг “Мөрөөдлийн театр”-аар хийлгэсэн байгаа юм.
Гэвч жүжигчин Г.Алтаншагай энэ талаар “Вакцинтай зун” контент хийгээгүй. Энэ талаар сайн мэдэхгүй, ойлгохгүй байна” гэж хариулсан байдаг. Хэдийгээр гэрээнд гарын үсэг зурсан хүн өөрөө энэ мэдээллийг үгүйсгэсэн ч ОБЕГ-ын шилэн дансанд гүйлгээ баримтаар хадгалагдан үлджээ.
-ИРГЭДИЙН ХАНДИВЫН МӨНГӨНӨӨС ТӨЛБӨР ХИЙГДСЭН Ч “ВАКЦИНТАЙ ЗУН” ГЭХ КОНТЕНТ ОЛДСОНГҮЙ-
Хоёр талын байгуулсан гэрээнд “гүйцэтгэгч эрхийн болон эд хөрөнгийн доголдолгүй, чанарын шаардлага хангасан 70 минутын хугацаатай контентыг захиалагчид хүлээлгэж өгнө. Гэрээний хугацаа буюу контент нийлүүлэх хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны есдүгээр сарын 17-ний өдрийн дотор байна” гэжээ. Тэгэхээр гэрээний дагуу “Мөрөөдлийн театр” 70 минутын хугацаатай “Вакцинтай зун” контентыг аль хэдийн хийж гүйцэтгэн олон нийтэд цацсан байх ёстой. Гэвч энэ хугацаанд “Мөрөөдлийн театр”-ын гаргасан контентуудыг шүүж үзэхэд иргэдийг вакцинд хамрагдахыг уриалсан, халдвараас сэрэмжлүүлсэн нэг ч контент байгаагүй юм.
Халдвар анх бүртгэгдэхэд Монгол орны өнцөг булан бүрээс иргэд өөрсдийн биеэр зорьж ирэн УОК-т хандив өгч байсан. Үүгээр ч зогсохгүй хүүхдүүд хүртэл цуглуулсан мөнгөө хандивлаж байв. Гэвч ард түмний сайхан сэтгэлээр өгсөн хандивын мөнгө үр дүнгүй зүйлд зарцуулагдсан уу гэх хардлага энэ жишээнээс төрж байна байна.