ОХУ-ын хил давсан 60 орчим иргэдийг Сэлэнгэ аймагт тусгаарлаж, Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ

ОХУ-ын хил давсан 60 орчим иргэдийг Сэлэнгэ аймагт тусгаарлаж, Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ

Энэ арванхоёрдугаар сарын 07-ны өдөр /2021.12.07/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр дотоодоос Монгол Улсын 60 гаруй иргэн таван автомашинтай улсын хил зөрчиж, ОХУ-ын талд баривчлагдсан талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Тэгвэл тус иргэдийг өчигдөр /2021.12.08/ хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-тай тохиролцоод өндөр харуул хамгаалалтан доор авсан байна.

Тодруулбал, иргэдийн хил зөрчсөн гэх газар нь Хан Хэнтийн дархан цаазат газрын бүс нутаг бөгөөд самар түүхээр явж байсан Зил-130 маркийн таван ширхэг автомашинтай хил зөрчсөнийг ОХУ нисдэг тэргээр илрүүлсэн гэдэг. Иймээс нэн яаралтай тус иргэдийг хүлээн авахаар хууль хүчний байгууллагынхан хамтран хилийн зурвас газраас хойд хөрштэй тохиролцон авахаар болсон ажээ. Одоогоор тус иргэдийг өөрсдийн унаж явсан автомашин болоод авч явсан самар зэрэг бүх зүйлтэй хүлээж авсан бөгөөд ОХУ талаас ямар нэг шаардлага тавиагүй хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахийн хэмжээний уулзалтаар хил дээр хүлээж авсан талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

-ХИЛИЙН ЗӨРЧИЛ УЧРААС ХАМГИЙН ТҮРҮҮНД ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ТУС ИРГЭДИЙГ ШАЛГАЖ, БАЙЦААНА-

Мөн хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалжийн мэдээллээр, “Эдгээр 60 орчим иргэд Оросын талд саатуулагдсан учраас халдвар тээгээд ирснийг үгүйсгэхгүй. Иймээс хил зөрчсөн гэдгийг мэдсэн даруйдаа бид олон тооны хүн тусгаарлах тусгаарлалтын байр бэлдсэн. Иргэдийг хүлээж аваад нэгдсэн нийтийн тээврээр шууд тусгаарлах байр луу шилжүүлж, өндөр халдвар хамгааллын дэглэмийн дор 10-14 хоног тусгаарлаж, Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас шалгаж, мэдүүлэг авна. Тэгж байж дараа дараагийн асуудал яригдана. Одоогоор ямар хүмүүс болохыг ч тогтоож чадаагүй байна” гэсэн юм.

Одоогоор мэдээж эхний ээлжид тус иргэд нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөх үйлдэл байна уу, Санаатай үйлдэл байх боломжтой эсэхийг эхний ээлжид тогтоох бөгөөд үүний дараагаар зөрчлийн хуулиараа хариуцлага хүлээлгэх эрхийнхээ хүрээнд 100-2500 нэгж /100 мянга-2 сая 500/ төгрөгийн торгууль ногдуулах ажээ.