News.mn сайтын үүсгэн байгуулагч, медиа бизнесмэн А.Амундра 100 жилийн түүхтэй "Монголын Үнэн" сониныг удирдахаар болжээ. Тэрбээр ажилдаа орсон даруйдаа МАН-ын төв хэвлэл "Монголын Үнэн" сонины толгойг өөрчилж, өнгөт болгожээ. Мөн долоо хоног тутмын сэтгүүл болж, намынхаа үйл ажиллагаа, дотоод амьдралд сонины талбарынхаа 45 хувийг зарцуулахаар болсон байна. Харин 35 хувийг чөлөөт мэдээ мэдээлэлд зориулахаар төлөвлөжээ.
А.Амундра нь Монголын анхдагч цахим хэвлэлийн нэг news.mn сайтыг үүсгэн санаачилж, Боловсрол, Eagle, Movie box зэрэг телевизүүдээс бүрдсэн “Массмедиа” компанийг удирдаж, сэтгүүл зүйн салбарт 15 жил ажилласан нэгэн юм. Тэрбээр 2012-2016 онд Ардчилсан нам эрх барихад Ардчилсан намд хүчин зүтгэж байсан тиймээс ч А.Амундраг Ардчилсан намынх гэж хүмүүс хардаг. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ны өдөр МАН-д элсэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон юм. Улмаар тэрбээр МАН-ын төв хэвлэл "Монголын үнэн" сонины Ерөнхий эрхлэгч болжээ.