Ковидоор танигдсан ХӨСҮТ-ийн А.Амбасэлмаа эмч МАН-ын Их хурлын индэр дээр саатав

Ковидоор танигдсан ХӨСҮТ-ийн А.Амбасэлмаа эмч МАН-ын Их хурлын индэр дээр саатав

МАН-ын 30 дугаар Их хурал эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. "Улаанбаатар палас"-т болж буй энэ удаагийн хуралд 1245 төлөөлөгч мандатын эрхтэй оролцож байгаа юм.

Тэгвэл тус хуралдаанд Ковидоор олонд танигдсан ХӨСҮТ-ийн А.Амбасэлмаа эмч оролцсон нь олны анхаарлыг татав.

Учир нь түүнийг олон нийт халдвартын эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний гавъяат ажилтан гэдгийг мэдэхээс бус намын үйл хэрэгт оролцдог, намын гишүүнчлэлтэй эсэхийг нь мэдэхгүй тул ийнхүү анхаарал өртсөн бололтой.  

Амаржаргалын Амбасэлмаа нь Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн. Түүний бага нас бусад хүүхдийн адил эцэг эхийн гар дээр өсөж, 10 жилийн сургуулиа төгссөн байна. Багаасаа эмч, эмнэлгийн ажилтан болох сонирхолтой байсан учраас анагаах ухааны дээд сургуульд орж 1982 онд эрүүл ахуйч мэргэжлээр төгсчээ.

Ингээд Дундговь аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцад эрүүл ахуйч эмчээр ажиллаж байгаад тухайн үеийн бүтэц, зохион байгуулалтаар Эрүүл ахуйн халдвар судлалын хяналтын газар байгуулагдахад Хяналтын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газарт улсын ахлах байцаагчаар ажилласан байна. 2005 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд ХӨСҮТ-д эмч, тасгийн эрхлэгч, албаны дарга, 2009 оноос Халдварт өвчний тандалт, судалгааны албаны даргаар 2021 оны гуравдугаар сарын 1 хүртэл ажилласан байна. Тэрбээр 30 гаруй жил халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг зохион байгуулж орон нутагтаа халдварт өвчний том том голомтод ажилласан туршлагатай нэгэн юм.

Харин түүний намтарт улс төрийн үйл ажиллагаа явуулж байсан, сонгуульд ажил эрхэлж байсан гэх нэг ч өгүүлбэр байдаггүй аж.