Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа.
Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийн талаар УЕПГ-ын ОНХА-аас тодруулахад "Яллагдагч Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тиймээс Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын нэгний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн" гэх хариултыг өглөө.