БНСУ-д амьдардаг 13 настай монгол охиныг үе тэнгийнх нь дөрвөн сурагч нийлж зодон, дарамталж хүчээр согтууруулах ундаа өгсөн хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ.
Тэгвэл тус улсад ажиллаж, амьдардаг монгол иргэн С.Золбоо хохирогч охины ээж болон БНСУ-д амьдарч, ажиллаж буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ, БНСУ дахь Элчин сайдын яамны төлөөлөлтэй ярилцжээ.
Хохирогч охины ээж “Пусаны Консулаас над руу ярьсан. “Ийм хэрэг аль долдугаар сард болсон байна. Яагаад бидэнд мэдэгдээгүй юм бэ” гэсэн. Надад итгэх итгэл байгаагүй. Би Консул руу залгавал надад яаж туслах бол гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Надад утсаар ярья гэсэн бодол ч байгаагүй.
Бид цагдаа, сургуулийн захиргаа, боловсролын яамнаас хэрэг ямар явцтай явж байгаа талаар асуухад уурлаж, “та нар яах гээд байгаа юм бэ” гэдэг байсан. Надад охины маань зодуулж байгаа бичлэг баримтаараа байна гэтэл “Юу ч гэсэн явуулчих. Дахиж энэ хэргийг чинь нээгээд өгье” гэсэн.
Бид хохирогч байж цагдаа нарын аргыг олох гэж хичээдэг. Хэргийн талаар асуухаар цагдаа дээр очиход “Би завгүй байна. Та нар яах гээд байгаа юм. Тэр өдөр ирвэл ир, ирэхгүй бол боль” гэсэн” гэлээ.
БНСУ дахь Элчин сайдын яамны төлөөлөл “Насанд хүрээгүй хүүхдийн эрх зөрчигдсөн ноцтой хэрэгт Сөүл дэх Монголын Элчин сайдын яам, Бусан дахь Консулын газар онцгойлон анхааран ажиллаж байгаа. Энэ хэрэгт туршлагатай сайн өмгөөлөгч авахын төлөө бидний зүгээс санаа тавьж байна” гэв.
Ташрамд дурдахад “Zolboo Tv” youtube сувгаар дамжуулж хохирогч охины өмгөөлөгчийн зардлыг бүрдүүлэхээр хандивын аян өрнүүлж эхэлсэн байна. Одоогийн байдлаар 7,2 сая гаруй вон цуглаад байгаа аж. Мөн охины ээжийнх нь монгол дансанд 2,6 сая гаруй төгрөг цуглажээ.
ВИДЕО: