Э.Амарбаясгалан: Тулай өвчтэй хүн малын дотор гэдэс, улаан мах, кофе, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй

Э.Амарбаясгалан: Тулай өвчтэй хүн малын дотор гэдэс, улаан мах, кофе, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй

“Синдүра-Мед” эмнэлгийн дотрын их эмч Э.Амарбаясгалантай монголчуудын дунд төдийлөн сонсогдож байгаагүй “Тулай” гэх өвчний талаар ярилцлаа.

-ЭНЭ ӨВЧИН БОЛ АМЬДРАЛЫН БУРУУ ХЭВШЛЭЭС 100% ХАМААРАЛТАЙ-

-Сүүлийн үед тулай гэх өвчнөөр хүмүүс их өвдөж байгаа гэсэн мэдээлэл байна. Уг өвчний талаар мэдээлэл өгнө үү?

-Бодисын солилцооны хямралаас болж уургийн солилцоо алдагдаж цусанд шээсний хүчил ихсэж үе хооронд уратын давс үүсгэгддэг үений үрэвсэлт өвчин юм. Ихэвчлэн 40-өөс дээш насны эрчүүдэд тохиолдох ба ховор тохиолдолд эмэгтэйчүүдэд тохиолдоно. Уратын давсны талст маш хурц ирмэгтэй тул зөөлөн эдийг гэмтээж үений уутыг үрэвсүүлж маш хурц өвдөлт өгдөг. Энгийнээр тайлбарлавал мянган ширхэг зүүгээр нэг дор хатгасантай ижил өвдөлтийг мэдэрнэ гэсэн үг. Ихэвчлэн нийт тохиолдын 80-85%-д хөлийн эрхий хурууны 1-р үе үрэвсэнэ. Энэ өвчин нь 100% амьдралын буруу хэв маягаас болж үүсдэг юм. Ерөнхийдөө буруу хооллолт, жингийн илүүдэл, артерын даралт ихсэлт, чихрийн шижин өвчин болон удамшлаас болж үүсдэг гэж үздэг байгаа. Мөн сүүлийн үед туулгах эм болон клизмнээс болж үүсдэг судалгаа ч байдаг.

-ХАЖУУГААР НЬ ХҮН ӨНГӨРӨХ ТӨДИЙД САЛХИНД НЬ ӨВДДӨГ-

-Монголчууд ихэвчлэн мах хэрэглэдэг. Махны хэрэглээтэй холбоотой юу? 

Тийм. Иргэдийн махны хэрэглээ үнэндээ маш их. Өдөртөө амьтны гаралтай уураг маш их авдаг. Ер нь бол ургамлын гаралтай уураг түлхүү хэрэглэх нь илүү чухал. Ард түмний дийлэнх нь согтууруулах ундаа болон махан бүтээгдэхүүн их хэрэглэх болсон. Өглөөний цай уудаггүй, гадуур хооллох дуртай, өдөржин хоосон явж явж орой гэртээ ирээд хүнд хоол их иддэг энэ бүхэн алсдаа их эрсдэлийг дагуулж байгаа гэдгийг ойлгодоггүй. Мөн пурин агуулсан бүтээгдэхүүнийг тулайтай хүмүүс маань огт хэрэглэж болохгүй.

Үүнд: малын дотор гэдэс, улаан мах, кофе, согтууруулах бүх бүтээгдэхүүн болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн гэх мэт зүйлс байдаг. Энэ өвчинг эрт дээр үед эрх ямбатнуудын өвчин гэж нэрлэдэг байсан. Учир нь эрх ямбатнуудын архи болон махны хэрэглээ их өндөр байдагтай холбоотой байсан байх. Харин эмнэлзүйн хувьд шөнө унтах үед хөлийн эрхий хурууны 1-р үе хөндүүрлэж халуун оргиж эхлэх ба өглөөгүүр хавдан маш их өвдөлттэй болдог. Энгийнээр тайлбарлавал үений уут үлээсэн шаартай ижил болж маш хүчтэй өвдөлт өгдөг ба хажуугаар нь хүн өнгөрөх төдийд салхинд нь өвддөг тийм хүчтэй өвдөлт өгдөг. Энэ өвчний сэдрэлтийн үед шээсний хүчил үүсгэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглох ёстой.

-Эмчилгээ хэр авдаг өвчин бэ?

-Мэдээж шинж тэмдгийн эмчилгээ хийх шаардлагатай ба шээсний хүчил бууруулах эм, эмчийн хяналтан дор уух ёстой ба шээсний хүчил үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлаж ус сайн уух шаардлагатай. Мөн хоолний дэглэм болон өөрийн буруу хэв маягаа бүр мөсөн солих болдог байгаа. Мөн тулай өвчний өвдөлтийн үед хөлөө дээш нь сойж хэвтрийн дэглэм барих хэрэгтэй. Тулайн дайрлага гэж байдаг ба энэ үед 2-3 хоног үргэлжлээд намддаг тул иргэд бэртэл, гэмтэл авсан гэж бодоод эмчид үзүүлэхгүй өнгөрөх тохиолдол цөөнгүй байдаг. Ингэж явсаар сэдрэлтийн зай ойртож эмнэлзүйн өвдөлтийн хугацаа холдож эхэлдэг байгаа.

-Хэр удаан хугацааны дараа уратын давс үүсэх вэ?

-Цусанд шээсний хүчил хүн, хүний онцлогоос шалтгаалж харилцан адилгүй байдаг ба бодисын солилцооны хямралын үед шээсний хүчил нэмэгдэж эхэлдэг байгаа. Ингэснээр захын цусан хангамж багатай газар болох хөлийн хуруу ялангуяа эрхий хурууны 1-р үед натритай нэгдэж уратын давс үүсгэн үед хооронд хурмтлагдан шигдэж байрлан үе хооронд үрэвсэл явагдаж эхэлдэг байгаа.

-Хүмүүс уг өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? 

-Ер нь ард иргэд маань өвдсөнийхөө дараа биш өвдөхөөсөө урьдчилан сэргийлж улиралдаа нэг удаа эсвэл хагас жилд нэг удаа эмчид хандан үзлэг оношлогоо хийлгэх хэрэгтэй. Гэр бүл үр хүүхэд гэж явсаар байгаа эцэг эх нар маань эцэст нь биегүй болж л үлддэг. Тийм учраас өвөө, эмээ нар минь аав ээж нар минь ах дүү нар минь өвдөөд ирэх биш өвдхөөсөө өмнө ирж занших хэрэгтэй. Монгол хүн үгүй бол монгол улс үгүй. Нэг ч гэсэн монгол хүн эрүүл саруул байх хэрэгтэй. Ард түмэн гэдэг чинь юугаар ч үнэлэшгүй эрхэм байдаг гэж би хувьдаа боддог. Нийт ард түмэндээ эрүүл энх сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.




Өнөөдөр бич өдөр

7 цагийн өмнө