Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож буй. Иймд энэхүү түүхэн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг энэ сарын 29 /2021.12.29/-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байх “Эрдэнэ зуу” хийдэд хуралдуулахаар товлоод буй.
Учир нь тус суманд Их Монгол Улсын нийслэл Хархорин хот оршиж байсан тул ийнхүү УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг зохион байгуулахаар болсон байгаа юм. Харин тус хүндэтгэлийн чуулганыг зохион байгуулах өргөө гэрийг хаана барих, хэчнээн тооны гэр барихаар төлөвлөж байгаа нь одоог хүртэл олон нийтэд ил болоогүй байгаа юм.
-“ЭРДЭНЭ ЗУУ ХИЙДИЙН ХАШААН ДОТОР ГЭР БАРЬЖ, ГАЗАР ХӨНДӨХ НЬ ТҮҮХИЙН ДУРСГАЛ УСТАХ ЭРСДЭЛТЭЙ” ГЭЖЭЭ-
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар “Улстөрчид хүндэтгэлийн чуулган болох “гэр өргөө”-г Эрдэнэ зуу хийдийн хашаанд орших “Автай сайн хаан”-ы гэрийн буурин дээр барья” гэсэн саналыг гаргасан байна. Гэвч энэ нь түүхчид хийгээд зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Учир нь, зарим иргэд “Автай сайн хааны өргөөний буурин дээр УИХ-ын хүндэтгэлийн чуулганы өргөө гэрийг баривал “хүндэднэ” хэмээн цээрлэсэн” байна.
Харин зарим албаны хүмүүс “Дэлхийн өвд бүртгэгдсэн Эрдэнэ зуу хийдийн хашаан дотор гэр барихын тулд газар хөндөх нь “Автай сайн хаан”-ы гэрийн буурь хөндөгдөж, зарим түүхийн дурсгал устах эрсдэлтэй” хэмээн үзэж, хашааны гадна үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлжээ. Тиймээс ч УИХ-ын хүндэтгэлийн чуулганы “гэр өргөө” болон ажлын албаны бусад гэрүүдийг Эрдэнэ зуу хийдийн хашааны урд буюу хуучнаар тус хийдийн төв хаалганы хажууд барихаар болжээ. Улмаар өнөөдөр /2021.12.07/ интернэтийн сүлжээ татах зэрэг ажлуудыг хийж байгаа бөгөөд, харин гэр барих зэрэг бэлтгэл ажлыг хуралдаан болох хугацааг ойртуулж байгаад хийхээр төлөвлөж байгаа аж.
-ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААНЫ ҮЕЭР ОРХОНЫ ХӨНДИЙН ХӨГЖЛИЙН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО-
Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг ийнхүү түүхэн байршилд, уламжлалт хэлбэрээр зохион байгуулах нь өв соёлоо сурталчлах чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм байна. Энэ үеэр монгол нутагт оршин байсан үе үеийн эзэнт гүрний нийслэл хотууд төвлөрч, өрнө дорныг холбосон худалдаа, зам харилцаа, соёл, эдийн засгийн төв болж байсан Орхоны хөндийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэг болох ажээ.
-ЭРДЭНЭ ЗУУД БОЛОХ ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАНД БАРУУН АЙМГИЙН ЗАРИМ ГИШҮҮД ОРОЛЦОХГҮЙ ГЭСЭН ҮҮ-
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ жил Үндэсний их баяр наадмын үеэр ашиглана хэмээн Хүй долоо худагт бариад буулгасан өргөө гэрүүдийг Эрдэнэ зуу хийдэд барьж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Харин тус хүндэтгэлийн чуулганд баруун аймгийн гэх тодотголтой зарим гишүүн оролцохгүй хэмээсэн гэх бор шувуу ч сүүлийн өдрүүдэд саарал ордноор нисэх болжээ. Учир нь баруун Монголын гэх Галдан бошигт Төв халхынхантай үзэл бодол зөрчилддөг байсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй хэмээж буй юм.
Ямартай ч Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан УИХ-ын чуулганы хүндэтгэлийн чуулган болох өргөө гэрүүд тун удахгүй Эрдэнэ зуу хийдийн урд сүндэрлэж, тэр хэсэг хөдөлгөөнд орох нь ээ. Сонирхуулахад, Автай сайн хаан эртний Хархорум хотын туурин дээр Эрдэнэ зуу хийдийн анхны сүм болох дуганыг 1586 онд барьж дуусаад Далай ламын өгсөн шүтээнийг залсан гэдэг. Эрдэнэ зуу хийдийг хэсэг хугацаанд сүм музейн зориулалтаар ашиглаж байгаад 1990 оноос ахин уншлага, мөргөлийн газар болгосон түүхтэй.