Б.Бадраа нарын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Б.Бадраа нарын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал /ИТХ/-ын дарга Б.Бадраа болон түүний хамаарал бүхий этгээдүүдийг хуулийн байгууллага шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  

Тэгвэл уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Харин тус хэрэгтэй холбоотойгоор хэн нэгнийг цагдан хориогүй болохыг эх сурвалж мэдээллээ.

Ташрамд өгүүлэхэд, түүнийг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан, түүнийгээ БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Уг хэрэгтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 29-нд Б.Бадраа болон түүний хүү Б.Наранболд нарын  гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрлөөр нэгж хийсэн.

Энэ явцад эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Мөн эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт орон сууц, автомашин зэргийг худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж. Түүнчлэн их хэмжээний хөрөнгөөр мөрийтэй тоглосон байж болзошгүй үйлдэл илэрсэн болохыг эх сурвалжууд мэдээлсэн.

Уг хэрэгтэй холбогдуулан Б.Бадраагийн эхнэр Б.Сайнжаргал, хүү Б.Наранболд нягтан нарыг татан оролцуулах гэх. 

Улмаар Б.Бадраагийн хүү Б.Наранболд болон нягтлан бодогч нарыг түр саатуулаад сулласан байна. Шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа аж.