СОЛОНГОСЧУУДЫН СЭТГЭГДЭЛ: Монгол охиныг хурдан тэнхрэхийг хүсэж, хэрэг үйлдсэн охидыг “шорон”-д хийхийг шаарджээ

СОЛОНГОСЧУУДЫН СЭТГЭГДЭЛ: Монгол охиныг хурдан тэнхрэхийг хүсэж, хэрэг үйлдсэн охидыг “шорон”-д хийхийг шаарджээ

БНСУ-ын дунд ангийн дөрвөн сурагч үе тэнгийнхээ 13 настай монгол охиныг зодож, гар хөлийг нь скочоор хүлэн хүчээр согтууруулах ундаа өгсөн хэрэг Монгол болон БНСУ-ын иргэдийн анхаарлын төвд байна. Уг хэрэг өнгөрөгч долдугаар сарын 3-нд болсон бөгөөд маргааш нь буюу долдугаар сарын 4-ны өдөр цагдаагийн газарт бүртгэгдсэнээр албан ёсоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Сэжигтэн болох дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй учраас аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлж, улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон аж. Харамсалтай нь уг хэргийн талаар БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Консулын газар ямар ч мэдээлэлгүй байсан. Харин тус улсын хэвлэлүүд анх мэдээлснээр олон нийтийн анхааралд орсон юм. Тэгвэл БНСУ-ын иргэд уг хэргийг хэрхэн дүгнэж, хэлэлцэж байгаа талаарх сэтгэгдлийг бид түүвэрлэн хүргэж байна.

-МВС телевизийн сайтад байршсан “МОНГОЛ СУРАГЧИЙГ ХҮЧИРХИЙЛСЭН ДУНД АНГИЙН ОХИДЫН БИЧЛЭГ ЦАЦАГДАВ” нийтлэлийн доорх БНСУ-ын иргэдийн сэтгэгдэл:

  • Монголд ч гэсэн нэлээдгүй солонгосчууд амьдардаг шүү дээ. Солонгос хүүхдүүдтэй ингэж харьцвал яах бол. Ийм аймшигтай хэрэг үйлдэх гэж дээ.
  • Солонгос өсвөр насныхны жинхэнэ ертөнцтэй танилцаа. Зургаан цагийн турш харааж, зүхэж, зодсоны эцэст шийтгэл байхгүй
  • Үнэхээр цочирдмоор юм. Би Солонгост дөрвөн жил амьдраад хүүхдээ өсгөх бодолтой байсан ч энэ талаар дахин бодох хэрэгтэй бололтой. Хэрвээ хэрэг үйлдсэн этгээдүүдийг шийтгэхгүй бол үүнийг харсан бусад хүүхдүүд ч адил зүйл хийж магад. Энэ удаад нэг гадаадын иргэн хохирогч болсон ч дараагийн удаа таны охин эсвэл хүү хохирогч болж магадгүй шүү
  • Хэрэг үйлдсэн охидууд дараа нь өөрсдөө хүүхэдтэй болж өсгөнө. Хүүхдэд хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж сургах ёстой гэдэг нь үүнээс харагдаж байна даа
  • Үнэхээр харамсалтай зүйл болжээ. Энэ явдлаас санаа авч сургуулийн хүчирхийллийг зогсооно гэж найдаж байна. Хохирогч охин хурдан эдгэрэхийг хүсье. Ирээдүйд дахин ийм зүйл бүү болоосой
  • Солонгосын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хүчирхийллийн шийтгэлээс ямар ч шалтгаанаар зайлсхийх ёсгүй. Ийм н*вшийн зүйлийг үл тоомсорлож яавч болохгүй
  • Насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар тэднийг бүр илүү том гэмт хэрэгтэн болгож байна
  • Хэрэг үйлдсэн этгээдүүдийг илчлэх хэрэгтэй. Тэд ч гэсэн хийсэн хэргийнхээ хариуцлагийг үүрэх ёстой. Хуулийн цоорхойгоор “мултарчхаж” болохгүй
  • Тэр хуулиа хүчингүй болгож, хэрэг үйлдсэн этгээдүүдийг шоронд хий. Хатуу шийтгэ
  • Хараад л зүрх минь өвдөж байна. Хөөрхий охин яаж тэр зургаан цагийг өвдөж өнгөрүүлсэн бол доо
  • Насанд хүрээгүй ч гэсэн Боловсролын яам хариуцлага тооцох ёстой юм биш үү. Ийм зүйл хийсэн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хариуцлага тооцох хууль гаргах хэрэгтэй. Түр хуулиар эрүүгийн шийтгэл оногдуулах боломжгүй байсан ч үр хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүй эцэг, эхчүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй

-MBN телевизийн “youtube” хуудсан тавигдсан “МОНГОЛЫН ДУНД СУРГУУЛИЙН ЦАГААЧ ОХИНЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ, ХУВЦСЫГ НЬ ТАЙЛЖ, ЗОДЖЭЭ” гарчигтай видео мэдээний доорх БНСУ-ын иргэдийн сэтгэгдэл-

  •  Хүн биш хүмүүсийг нийгмээс тусгаарла. Хохирогч охин аль болох хурдан тэнхрэх байх гэж найдаж байна
  • Гэмт этгээдүүдэд хатуу шийтгэл ногдуулахгүй бол улс орны нэр нүүрийг гутааж, хоёр улсын хамтын ажиллагаа хагарна
  • Хохирогчийг хамгаалж чадахгүй хуулийн бодит байдал үнэхээр харамсалтай
  • Солонгосын хууль, шүүх бусад хүүхдүүдэд жишээ болгож гэмт этгээдүүдийг хатуу шийтгэ
  • Насанд хүрсэн ч бай, хүрээгүй ч бай хамаагүй. Насанд хүрээгүй хүн хүнд гэмт хэрэг үйлдэж бусдын эрхийг уландаа гишгэсэн цагаас хүн биш болно. Тэднийг шийтгэх хэрэгтэй. Тэднийг бидэн шиг дуудаж байгаа нь хүн гэдэг үгийг доромжилсноос ялгаагүй
  • Бүр долдугаар сард болсон явдал таван сарын дараа ил болж байна. Би залуу хүн ч гэсэн тэд нарын талд орж чадахгүй. Тэд гэсэн хатуу шийтгэл хүлээх ёстой
  • Гэмт этгээдүүдийг шийтгэж, тэдний эцэг эхэд нь хариуцлага тооц. Хуулиа өөрчил
  • Шийтгэл хүлээлгэхгүй ингээд өнгөрөх үү. Өөр оронд байсан бол аль хэдийн хариуцлага хүлээлгэчихсэн байх байсан
  • Хуулийг чангатгах хэрэгтэй. Сургуулийн хүчирхийллийг хатуу шийтгэж байх ёстой. Цагдаа нар яагаад ажиллаж чадахгүй байгаа юм бэ
  • Үнэхээр аймшигтай. Бичлэгийг нь үзэхээс ч айж байна. Ийм харгис хүүхдүүдийг төлөвшүүлж байгаа эцэг эх, сургуулийн захиргаанд нь ч хариуцлага тооцох ёстой. Хөөрхий охин насан туршдаа шархтай үлдвэл яах болж байна аа

- “JTBC” телевизийн youtube хуудаснаа байршсан “ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧИД НЭГНИЙХЭЭ ХҮЧИРХИЙЛЖ БУЙ БИЧЛЭГ ЦАХИМ СҮЛЖЭЭНД ТҮГЖ БАЙНА УУ” нэртэй бичлэгийн доор үлдээсэн БНСУ-ын иргэдийн сэтгэгдэл-

  • Хүүхэд хамгааллын хуулиа “хал”. Намайг сургуульд байхад ч ийм зүйл байсан. Хүчирхийлэгчид өөрчлөгдөнө гэж хүлээж байх хооронд илүү олон хүүхэд хохирч байна.
  • Гэмт этгээдүүд зохих ялыг нь хүртээсэй гэж үнэхээр хүсэж байна
  • Гэхдээ энэ хэргийг шалгуулахаар зөвхөн эрэгтэй албан хаагчдыг явуулсан байх магадлал өндөр бололтой. Эмэгтэй цагдаа нар энэ төрлийн хэргийг шалгавал илүү сайн мэдэх байх
  • Илт хараад л мэдэж болно шүү дээ. Өнөө үед энэ мэт ямар аймшигт хэргүүд гарч байгааг мэдэхгүй. Шүүгч нар хуулиа өөрчилж, шинэчлэн найруулж, хатуу шийтгэх хэрэгтэй
  • Хүүхдийн эрхийг хамгаалах нэрийн доор илүү олон гэмт хэрэгтнүүдийг өгсөж байна. Хуулиа өөрчилж, хүчирхийлэл үйлдсэн охидод хариуцлага хүлээлгэ
  • Мэдэгдсэн л энэ болохоос сургуулийн хүчирхийллийн цаана маш олон хохирогч байгаа гэж бодож байна. Үнэхээр аймшигтай
  • Хохирогч охиныг маш их өрөвдөж байна. Дөнгөж 13-хан насандаа ийм зүйл туулах гэж дээ. Хүчирхийлэл үйлдсэн охидыг нэн даруй шийтгэхийг шаардаж байна. Миний охинд ийм зүйл тохиолдсон бол би хэзээ ч тэвчихгүй.