Ч.Өнөрбаяр: Өнөөдөр НЭГ НАМЫН дарангуйлал гэсэн айдастай боллоо

Ч.Өнөрбаяр: Өнөөдөр НЭГ НАМЫН дарангуйлал гэсэн айдастай боллоо

Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулган өнөөдөр /2021.12.05/ болж байна. Хуралдаанд салбарынхан оролцож эдийн засаг, нийгэм, улс төрийн байдлын талаар байр, сууриа илэрхийлж гарц, гаргалгааг эрэлхийлж байна. 

Энэ үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тавьсан илтгэлдээ, "1911 оны хувьсгалын үргэлжлэл нь 1990 оны Ардчилсан хувьсгал юм. Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол  төрийг Кремлиэс мэддэг биш өөрсдөө байгуулах, хувь заяаныхаа асуудлыг  өөрсдөө шийддэг болсон. 

Монгол улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг юугаар ч үнэлэшгүй. Үүний гол баталгаа, хамгаалалт 1992 оны Үндсэн хууль байсан юм. 

Үндсэн хуульд иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, улс төрийн намд элсэх эрхтэй гэж заасан байдаг ч ингэж бичсэн шигээ асуудал шийдэгдэхгүй байна. Бид нар нэг хүний дарангуйллаас их айж, болгоомжилж ирсэн. Гэтэл өнөөдөр нэг намын дарангуйлал гэж том айдастай боллоо. Үндсэн хуульд төрийн эрх мэдэл харилцан хяналт тэнцэлтэй байна гэж хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл бие, биентэйгээ уусахгүй, нэг хөнжилд орохгүй нийтлэг эрх ашгийн үүднээс хянадаг байна гэж бичсэн.

Гэтэл нэг нам үнэмлэхүй олонх болсноор Үндсэн хуулийн үнэт зүйл, амин сүнс, сүншиг гэдэг зүйл үгүй болдог аж. Энэ нь ардчилалд аюул учруулж байна. Монголын парламентад Монголын зовлонг ярьдаг, олон талаас нь бодлого ярьдаг хоёроос дээш нам байж парламент дархлаатай болно. 

Монгол улс бодлоготой намгүй боллоо. Гишүүдээ УИХ-д сонгуулахын тулд шуудай, шуудайгаар нь мөнгө тараадаг бодлоготой болсон. Эрх барьж буй улс төрийн, гадаад бодлого Эрээнд гацсан барааны асуудлаа шийдэж чадахгүй жижигхэн байна. Бид нар сайн цагт их гүрнүүдийн том удирдагч нарыг Монголд цуглуулж байсан. Ардчилсан Ерөнхийлөгчийн үед геополитикийн хувьд том тоглогч байхаа нотлон харуулж байсан.

Энэ бодлого алга болжээ. Өнөөдөр улс төрийн намаас сонгогдсон гуравхан гишүүн 32 тэрбумаар хөшөө бариулдаг байвал төр цаашаа явахгүй. Улс төрийн нам бодлоготой байх ёстой. Ингэхийн тулд Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээс эхэлсэн. Энэ чиглэлд Ардчилсан нам хууль санаачлаад явж байсан ч эрх баригчид унагаж байсан. Гэхдээ бид зогсохгүй эрх баригчдаас шаардаж, 2024 онд ялж энэ бодлогоо үргэлжлүүлнэ. Монгол улсын Ерөнхийлөгч МАН-ын Цагаан ордны төлөөлөл биш. Тэгэхээр Монгол улсын эрх ашгийн төлөө улс төрийн намын шинэчлэлийг дэмжих ёстой. Өнөөдөр Монголд сайн ч, муу ч 30 нам байна. Дарга дагасан тамга, тэмдгийн нам их байна. Сонгууль болохоор намаа зарчихдаг олон нам байна.  Ийм тоглоомын намтай байж болохгүй. Цаашид Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн шинэчлэн бүртгэх ёстой. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө