LIVE: “Ахмад настай хүмүүсийг гадагш аялалд авч явахгүй байх”-ыг ДЭМБ-аас зөвлөжээ

LIVE: “Ахмад настай хүмүүсийг гадагш аялалд авч явахгүй байх”-ыг ДЭМБ-аас зөвлөжээ

Өнөөдөр ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр, “Манай улсын нийт хүн амын 22 хувь, зорилтот бүлгийн буюу 18-аас дээш насны иргэдийн 37 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдсан байна. Үүний үр дүнд тохиолдлын тоо 70 орчим хувь буурсан” гэдгийг онцлов.

Мөн гэрээр хяналтад буй өвчтөний тоо оргил үеийнхтэй харьцуулахад  66-10 мянга, эмнэлэгт буй өвчтөн 22-5 мянгаар,  нэн хүнд өвчтөн 400-111 хүртэл багассан гэж онцоллоо. Харин нас баралтын тохиолдол оргил үеийн долоо хоногийн дунджаас 4.5 дахин буурчээ.

Түүнчлэн гуравдугаар тунд иргэд идэвхтэй хамрагдсанаар вакцинд хамрагдаагүй жирэмсэн эмэгтэйчүүд болон 12-оос доош насныхны өвчлөл 2-3 дахин буурсан байна. Энэ нь гуравдугаар тунд иргэдийн хамралт нэмэгдсэнээр шууд бусаар вакцин хийлгээгүй жирэмсэн эмэгтэйчүүд болон 12-оос доош насныхны өвчлөл буурахад нөлөөлсөн аж. ДЭМБ-аас өчигдөр /2021.12.02/ вакцинд хамрагдаагүй иргэд болон ахмад настныг гадагш аялахгүй байхыг зөвлөжээ. Тиймээс манай улсад ч гэсэн ахмад настан, вакцинд хамрагдаагүй 12-аас доош насныхныг онцын шаардлагагүй тохиолдолд гадагш аялалд авч явахгүй байхыг тэрбээр уриаллаа.