Монгол хүүхэд хүчирхийлэлд өртсөн асуудлаар БНСУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны хүмүүсийг ГХЯ-нд дуудаж уулзав

Монгол хүүхэд хүчирхийлэлд өртсөн асуудлаар БНСУ-аас Монголд суугаа ЭСЯ-ны хүмүүсийг ГХЯ-нд дуудаж уулзав

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагчтай үе тэнгийнх нь хүүхдүүд зүй бусаар харьцаж, дарамталсан, бичлэг хийж сүрдүүлсэн гэх асуудлаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нарыг 12 дугаар сарын 02-ны өдөр ГХЯ-нд дуудаж уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-ын дунд сургуулийн сурагч монгол иргэний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, биед нь халдан, сэтгэл санааны болон бие махбодийн хохирол учруулсан сэтгэл сэртхийлгэм хэрэг гарсанд харамсч байгаагаа илэрхийлээд монгол хүн бүрийг цочирдуулсан энэ хэрэгт солонгосын тал онцгой анхаарал хандуулж, хэргийг үнэн зөв, бүрэн дүүрэн шалган шийдвэрлэх, гэм буруутай бүх этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, хэргийн явц, шийдвэрлэлтийн мэдээллийг монголын талд гаргаж өгөх, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид туршлагатай өмгөөлөгч олж өгөх, хохирогч болон түүний эцэг эхийн аюулгүй байдлыг нэн яаралтай хангах зэрэг асуудлыг БНСУ-ын эрх бүхий байгууллагуудад мэдэгдэхийг хүсэв.

Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д олноор зорчиж, сурч, ажиллаж, амьдардгийг дурдаад, цаашид Монгол Улсын болон БНСУ-ын иргэний эрх ашиг хөндөгдсөн хэрэг зөрчлийг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, гэрээ хэлэлцээрт заасны дагуу хоёр талдаа шуурхай мэдээлж, хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлов. БНСУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Сан Чоль болсон үйл явдалд харамсч байгаагаа илэрхийлэн асуудлыг төвдөө мэдээлж, хариу өгөхөө мэдэгдэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яамны Консулын хэлтэс